Б.Лхагвасүрэн: Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хуулиар гадаад, дотоодынхонд төсөл санхүүжүүлэх эрхзүй бүрдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-01-17 14:09:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж эцэслэн баталлаа. Одоо шинэ хуулийн дагуу авах арга хэмжээ, дагалдах журмын талаар хэлэлцэж байгаа юм. Энэ хуулийн зорилго, ач холбогдол, өөрчлөлтийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа. 


Тэрбээр, “Энэ хууль анх Гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай гэсэн нэртэйгээр
УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүнээс 2016 онд өргөн мэдүүлж байсан юм. Хууль өнөөдрийг хүртэл батлагдтлаа нэлээн олон өөрчлөлт орж ирсэн” гэв. Тодруулбал, тухайн үед Монгол Улсад Хөгжлийн банк гээд хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг ганц том банк ажиллаж, арилжааны банкууд болохоор Монголбанкнаас тавьсан, нэг зээлдэгчийн 20 хувийн хязгаарлалтай гэдгээр томоохон төсөл, хөтөлбөрүүдэд мөнгө гаргаж чадахгүй байсан учир гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх зорилгоор Монгол Улсад Төрөлжсөн хөрөнгө оруулалтын банк хэрэгтэй байна гэдгээр хуулийн төслийг оруулж иржээ. Дараа нь хуулийн төсөлд гадаад, дотоодын гэж ялгахгүй байх үүднээс, олон улсын жишиг дүрэм журамтай зөрчилдөж буйг харгалзан үзэн гадаадын гэдэг үгийг авч өөрчилсөн байна. 


Хууль батлагдснаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай өөрийнх нь хууль хэрэггүй болж байгааг Монголбанкны ерөнхийлөгч тодотгож байна. Учир нь 2017 онд одоогийн Хөгжлийн банканд Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны зөвшөөрлийг Монголбанкнаас олгож, тус банкны тухай хууль өөрчлөгдөж иржээ.


Одоо Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хууль бие даан гарснаар гадаад, дотоодынхонд томоохон төслийг санхүүжүүлэх,  хөрөнгө оруулах эрхзүйн боломж бүрдэж зөвшөөрөл авах эрх нээгдэж байна гэв. Үүнээс өмнө Хөрөнгө оруулалтын банктай холбоотойгоор гадаад, дотоодын ААН, хуулийн этгээд энэ талын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авья гэхэд манай улсад хууль эрхзүйн ямар ч зохицуулалт байхгүй явж ирснийг хэлж байна.


Арилжааны банкуудаас ялгаатай нь өөрийн хөрөнгө өсгөх боломжийг хууль эрхзүйгээр бүрдүүлж өгч байна. Шинэ хуулиар зөвшөөрөл өгөхдөө арилжааны банкуудын дүрмийн сангийн хэмжээнээс 3-4 дахин их байхаар эрхзүйг зохицуулжээ. 

Related news