Ж.Ганбаатар: АИ-92 автобензиний 32 хоногийн нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-17 08:12:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 11-нд өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар төслийн талаар танилцуулахдаа Дэлхий нийт коронавируст халдварын дараах эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн цаг үетэй ОХУ болон Украин Улсын зэвсэгт мөргөлдөөн давхацсанаар дэлхий нийтийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдалд урьдчилан тооцоолох боломжгүй хүндрэл үүсгээд байгааг дурдаад цар тахлын цаашдын төлөв байдал болон ОХУ болон Украин Улсын зэвсэгт мөргөлдөөн, ОХУ-д тавьж буй эдийн засаг, худалдааны хоригуудын үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед богино хугацаанд ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензинийн үнийн өсөлтийг бууруулж, тогтвортой байлгах, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулж онцгой журмаар зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт  олгох шаардлага тулгараад байна гэв.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал, С.Одонтуяа нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд тогтоолын төслийг баталснаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар төвлөрүүлэх орлого буурах, эсэх гол нэр төрлийн газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензиний хэд хоногийн нөөцтэй байгааг тодруулахын зэрэгцээ  шатахууны үнийг хэдий хугацаанд тогтвортой байлгах талаар илүүтэй лавлаж байлаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариултдаа энэ оны төсөвт энэ талаар төлөвлөөгүй буюу Сангий яам орлого орно гэж тооцоолоогүй гэдгийг онцлоод өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний 32 хоногийн нөөцтэй байна. АИ-92 автобензин сарын хэрэглээ хамгийн ихдээ 40 мянга, дизель түлш 100 мянган тонн давдаг. Уул уурхайн аж ахуйн нэгжүүд дизель түлшийг илүүтэй нөөцлөдөг бол АИ-92 автобензинийг нөөцөлж, зохиомол хомсдол үүсгэх нь бага байдаг. Энэ асуудал шинээр орж ирээгүй, гаалийн албан татвар  болон онцгой албан татвар тус бүр 0, Нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь байна. Мөн экспортлогч талд томоохон ноцтой байдал үүсэхгүй нөхцөлд тогтоол үр дүнгээ өгнө. Уул урхай, хүнд үйлдвэрийн яамнаас АИ-92 автобензинийн үнийг 2024 оны нэгдүгээр сар хүртэл буюу тогтоолын хугацаанд нэмэгдүүлэхгүй байх бодлогыг барьж байна" гэв.



Related news