"Чулууны хээ-5" үзэсгэлэнд 500 орчим үзмэр толилуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-01-16 13:49:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, профессор Г.Гонгоржав "Чулууны хээ-5" тайлан үзэсгэлэнгээ Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлээ.


Цуглуулагч Г.Гонгоржав эх нутгийнхаа эрдэс чулуулгын тэрхүү гоо сайхны ертөнцийг өөрийн өнцгөөс өнгийн харж, уран байгалийн бүтээлийн унаган төрх, өнгө аяс, айзам шивнээг нэгээхэн цэг зураасны нэмэлт хачиргүйгээр нээн дэлгэхийг зорьсон энэхүү "Чулууны хээ-5" үзэсгэлэн нь Монгол орноо танин мэдэх, үндэсний өв соёлын угшил язгуур нь эх байгаль гэдгийг нээсэн өвөрмөц үзүүлбэрээс бүрдэж байгаа юм.

Тэрбээр хэлэхдээ, “Тайлан үзэсгэлэн гэхээр өмнөх үзэсгэлэнгээ үргэлжлүүлэн нэмэн баяжуулж, байгалийн чулуу зурж, бичдэг гэдгийг харуулахыг зорилоо. Хүн төрөлхтөн одоо хүртэл үсэг бичиг юунаас үүссэнийг тайлж чадаагүй байна. Энэхүү үзэсгэлэнгээр үсэг бичиг байгаль гэдэг багшид шавь ороод, тэр тусмаа чулууны хээ зурлагаас анх санаа авсан байх талтайг таниулахыг зорьж байна” гэв.


Уг үзэсгэлэнд цуглуулагчийн 50-60 жилд эх орныхоо дөрвөн зүг найман зовхист зорчиж, судалж, цуглуулсан 500 орчим ховор сонин үзмэрийг толилуулж байна.


Үзэсгэлэнгийн бүтээлүүдийн 90 хувь нь Монгол орны эрдэс баялгийн баян сан нөөц дэх хосгүй нандин эрдэс чулуулгууд бол үлдсэн 10 хувь нь АНУ, Англи зэрэг гаднын улсуудын байгалийн өвөрмөц тогтоц дээр өөрийн өнгө төрхөө шингээсэн эрдэс чулуулгуудаас бүрдэж байна. Тухайлбал, Архангай аймгийн Тариат сумын Хоргын уулын ойролцоогоос олдсон очир алмазын нэг мм талст бол цорын ганц олдвор гэж хэлж болно. Уг нь 2,3 ширхэг байсан юм. Тухайн үед геологийн ажил хийж байхдаа дурангаар шагайж авсан дээж гэдгийг тэрбээр тодотгов.

Мөн Горхийн уулнаас олдсон молор эрдэнийн талст, Дорнын говиос олдсон чөтгөрийн сарвуу хэмээх чулуужсан үлдэгдэл нь бусад музейн үзмэрт байдаггүйгээрээ онцлогтой. Мөн туулай, анааш хэлбэртэй чулуужсан шагай, бадмаараг, рубин гэх мэт цэвэр талстуудыг дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, ШУА-ийн ерөнхийлөгч Л.Рэгдэл, Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Ардын багш, доктор /Sc.D/, профессор С.Дулам, Монголын Үндэсний музейн захирал асан, доктор Д.Сүхбаатар тэргүүтэй эрдэмтэн судлаачид, зохиолч болон хамтран зүтгэгчид нь оролцсон юм. Тус үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл олны хүртээл болно.






Related news