“Союз Восток” хий дамжуулах хоолойн зураг төслийн явцын талаар хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-01-12 12:14:20

МОСКВА. /TASS/. ОХУ-ын "Газпром", Хятадын “CNPC” компани 2023 оны хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг, тодруулбал, Алс Дорнодын чиглэлээр хий нийлүүлэх төсөл, Монголын нутгаар дайруулан тавих “Союз Восток” хий дамжуулах хоолойн зураг төслийг хэлэлцсэн байна.  


Энэ талаар "Газпром" компани лхагва гарагт хийсэн хамтарсан зохицуулах хорооны хурлын дараа мэдээлсэн байна. 2022 онд хийсэн ажлаа дүгнэж, 2023 оны үндсэн чиглэлүүдийн төлөвлөгөөг хэлэлцсэн уг хурлыг "Газпром"-ын орлогч дарга нар болох Виталий Маркелов, Елена Бурмистрова, “CNPC”-ийн дэд ерөнхийлөгч Хуан Юнжан нар даргалжээ.


"Газпром"-ын мэдээлснээр, тус компанийн төлөөлөгчид Монголын нутгаар дайруулан тавих “Союз Восток” хий дамжуулах хоолойн зураг төслийг боловсруулах ажлын явцыг Хятадын түншүүддээ танилцуулсан байна.


Хурлын үеэр мөн компаниудын 2022 оны хоёрдугаар сард байгуулсан Алс Дорнодын чиглэлээр байгалийн хий худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилтийн явцад онцгой анхаарал хандуулжээ. Энэ нь Оросын дамжуулах хоолойгоор хий нийлүүлэх “Газпром” ба “CNPC”-ийн хооронд байгуулсан урт хугацааны хоёр дахь гэрээ юм. 


"Газпром" зүүн чиглэлээр буюу “Сибирийн хүч” хоолойгоор Хятад улс руу байгалийн хий найдвартай нийлүүлж байгааг хуралд оролцогчид онцоллоо” гэж тус компанийн мэдээлэлд дурджээ.


2022 онд "Газпром" компани нь гэрээнээс давсан хэмжээгээр хийгээ тогтмол нийлүүлж, Хятад руу хий нийлүүлэх үүргээ давуулан биелүүлсэн бөгөөд шинэ оны эхнээс тус улс руу хийн хангамж ерөнхийдөө шинэ түвшинд гарсан гэж тус компанийн тэргүүн Алексей Миллер урьд нь мэдэгдсэн юм. Ирэх жилүүдэд ОХУ-аас Хятад руу экспортлох байгалийн хийн нийт хэмжээ жилд 48 тэрбум шоо метрт хүрэх бөгөөд Монголын нутгаар дамжуулан нийлүүлэх хэмжээг тооцвол жилд 100 тэрбум орчим шоо метр болно. 


Related news