ДОРНОГОВЬ: Түүхэн хөшөөг сэргээн засварлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-01-11 15:24:17

Дорноговь /МОНЦАМЭ/. Зураг дээрх хөшөө бол 1945 оны чөлөөлөх дайны үед босгосон Монголын цэрэг армийн түүхэн холбогдолтой дурсгал юм. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн Шандын цагаан овооны хойно байрлах дурсгалын хөшөө устаж үгүй болж байсныг Еншөөв багийн иргэн Б.Мөнхбаясгалангийн санаачилгаар сэргээн засварлажээ.


Эл хөшөөг байгуулахад Еншөөв багийн малчин, хил хамгаалах туслах хүчний гишүүн Д.Бат-Өлзий, Д.Эрдэнэпил, Г.Цэндхуяг, Б.Ангираг, Б.Мөнхчулуун, Б.Баттулга, Д.Батбаяр, Ж.Жаргалсайхан нарын гэр бүл хандив өргөж хамтран бүтээлцсэн байна.


Хөшөөг сэргээн засварлах ажлын явцтай Соёл урлагийн газрын соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Лхагвасүрэн, Музей Сургалт Судалгааны төвийн бүртгэл мэдээллийн санч Л.Отгонжаргал, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ю.Баярмаа, Эрдэнэ сумын Соёлын төвийн эрхлэгч А.Амаржаргал нар танилцаж, 2022 оны улсын тооллого бүртгэлд бүртгүүлсэн аж.


Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг авран хамгаалах, сэргээн засварлах, уламжлуулан үлдээх түүхэн ажилд идэвх санаачилга гаргасан нутгийн малчид Хил хамгаалах туслах хүчний гишүүдэд орон нутгийн иргэд талархал дэвшүүлсэн юм. Хилийн бүс нутгийн малчид Хил хамгаалах туслах хүчний гишүүд байдаг бөгөөд тайван цагт ч хил хамгаалалтад идэвхтэй оролцдог хилчид билээ.


Ташрамд дурдахад 1945 онд энэ чиглэлээр Чөлөөлөх дайнд оролцсон Сумангийн туслах Бараанасангаар удирдуулсан бүрэлдэхүүн улсын хил хамгаалах үүргээ амжилттай биелүүлж байжээ.

Related news