"Алтан бөмбөрцөг"-ийн шилдгүүд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2023-01-11 13:16:17

НЬЮ-ЙОРК. /NBC/. Кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 80 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Беверли-Хиллз хотын "Беверли-Хилтон" зочид буудалд болж, "NBC" телевиз шууд дамжуулан үзүүллээ. Энэ жилийн наадмын гол шагналыг найруулагч Стивен Спилберг, жүжигчин Кейт Бланшетт, жүжигчин Остин Батлер нар хүртлээ. 



Стивен Спилберг "The Fabelmans" киногоороо "Алтан бөмбөрцөг"-ийн шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн байна. Холливудын алдарт найруулагч уг киногоо өөрийн өсвөр насны хүсэл эрмэлзэл, кино найруулагч болох замналынхаа эхний алхмыг хийсэн үеэ эргэн дурсаж бүтээжээ. Энэ төрөлд алдарт кино найруулагч Жеймс Кэмерон (The Way of Water, 2022), Дэн Кван болон Дэниэл Шайнерт (Everything Everywhere All at Once, 2021), Баз Лурман (Elvis, 2022), Мартин Макдона (The Banshees of Inisherin, 2022) нар өрсөлдсөн байна. 


Австралийн жүжигчин Кейт Бланшетт “Tar” (2022) кинонд бүтээсэн дүрээрээ энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болжээ.  Америкийн найруулагч Тодд Филдийн бүтээсэн уг кинонд хөгжимчдийнх нь нэг нь амиа хорлосны дараа амжилттай амьдрал нь аюулд орж байгаа Берлиний Филармонийн найрал хөгжмийн удирдаач Лидия Тар гэдэг эмэгтэйн тухай өгүүлдэг байна. Энэ төрөлд мөн Их Британийн жүжигчин Оливия Колман (Empire of Light, 2022), Америкийн жүжигчин Виола Дэвис (The Woman King, 2022), Куба, Испани гаралтай жүжигчин Ана де Армас (Blonde, 2022), АНУ-ын жүжигчин Мишель Уильямс (The Fabelmans, 2022) нар өрсөлжээ. 


Остин Батлер алдарт дуучин Элвис Преслигийн тухай Баз Лурманы найруулсан "Элвис" кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртлээ.



“Инээдмийн болон мюзикл киноны шилдэг эмэгтэй гол дүр” төрөлд “Everything Everywhere All at Once” кинонд тоглосон Малайзын жүжигчин Мишель Йео “Алтан бөмбөрцөг” хүртэв. Түүнтэй Аня Тейлор-Жой (The Menu, 2022), Лесли Мэнвилл (Mrs. Harris Goes to Paris, 2022), Марго Робби (Babylon, 2022), Эмма Томпсон (Good Luck to You, Leo Grande, 2022) нар өрсөлдсөн байна. 



“Драм цуврал киноны шилдэг жүжигчин” төрөлд Америкийн жүжигчин, дуучин Зендея (Эйфория), “инээдмийн болон мюзекл цуврал киноны шилдэг эмэгтэй гол дүр” төрөлд Кинта Брансон (Abbott Elementary, 2021) нар шалгарчээ.


"Шилдэг инээдэм/мюзикл кино" төрөлд шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Ирландын жүжигчин Колин Фаррелл “The Banshees of Inisherin” эмгэнэлт инээдмийн кинонд бүтээсэн дүрээрээ хүртлээ. 



Стивен Спилбергийн "Fabelmans" ( 2022) кино "шилдэг драм кино" төрөлд шагнал хүртжээ. Спилбергийн кино Жеймс Кэмероны "Avatar: The Way of Water",  Баз Лурманы "Elvis", Тодд Филдийн "Tar" болон Жозеф Косинскийн "Top Gun: Maverick" кино өрсөлдсөн байна. Энэ төрөлд ялагчийг Оскарын шагналт найруулагч, кино зохиолч Квентин Тарантино зарлажээ.


"Шилдэг мюзикл болон инээдмийн кино"-гоор Мартин Макдонагийн "The Banshees of Inisherin" (2022) шалгарсан бол Аргентин, Их Британи, АНУ-ын хамтарсан бүтээл болох "Аргентин, 1985"  кино гадаад хэлээрх шилдэг кино төрөлд "Алтан бөмбөрцөг" хүртлээ.


"Шилдэг драм цуврал кино" төрөлд "Алтан бөмбөрцөг"-ийн шагналыг "Хаадын тоглоом" цувралын өмнөх үйл явдал болох "House of the Dragon" (2022) цуврал хүртэв. 


"Шилдэг инээдмийн болон мюзекл кино" төрөлд "Abbott Elementary" (2021) инээдмийн цуврал шилдгээр тодорчээ. 

Related news