ОХУ-ын Ерөнхийлөгч зул сарын баяраар гал зогсоохыг үүрэг болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-01-06 10:07:28

МОСКВА. /Кremlin/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үнэн алдартны шашны зул сарын баярыг тохиолдуулан  Украины фронтод гал зогсоохыг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд үүрэг болгожээ. 


“Хамба лам Кириллийн хүсэлтийг харгалзан Украины нутаг дэвсгэрт байлдааны бүх шугамын дагуу 36 цагийн турш гал зогсоохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Батлан хамгаалахын сайдад үүрэг болголоо” гэж Кремлийн хэвлэлийн алба В.Путиний зарлигаас эш татан пүрэв гарагт мэдээлсэн байна.  


Гал зогсоох хугацаа Москвагийн цагаар нэгдүгээр сарын 6-ны 12:00 цагаас эхэлж, нэгдүгээр сарын 7-ны 24:00 цаг хүртэл үргэлжлэх аж. 


ОХУ-ын Ерөнхийлөгч мөн зул сарын баярыг тохиолдуулан гал зогсоохыг Украины талд уриалсан боловч Киев хүлээж аваагүй байна. “Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрийг орхих ёстой. Тэгсэн цагт л “түр эвлэрэл” эхэлнэ” гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдэгдэлд дурджээ. 


Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарласан гал зогсоох дэглэмийг "жаахан хүчилтөрөгч олох гэсэн оролдлого" гэж мэдэгдсэн байна. 


Христийн шашны гурван гол урсгалын нэг болох үнэн алдартны шажинтнууд нэгдүгээр сарын 7-нд Есүс Христийн мэндэлсэн өдөр буюу зул сарын баярыг тэмдэглэдэг уламжлалтай.

Related news