ЗАВХАН: Сургууль, цэцэрлэгүүдийн 90 хувь нь стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-01-05 14:57:12

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн 14 сумын сургууль, цэцэрлэг орчин үеийн стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болжээ.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Боловсролын салбарт жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг хэрэгжүүлэхээр заасан.

Мөн Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолоор төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэхээр болсон юм.

Уг ажлын хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын багийг УИХ-аас байгуулж, Б.Баярсайхан гишүүнээр ахлуулан ажиллуулж байна. Энэ ажлын хүрээнд 21 аймаг, 330 сумын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны 819 модон жорлонг шинэчлэх ажил дөрвөн үе шаттай хэрэгжиж байна. 2022 оны байдлаар нэг болон хоёрдугаар ээлжийн 12 аймгийн 53 сумын 161 объектыг улсын комисс хүлээн авч хүүхдүүд эрүүл, аюулгүй, тохилог орчинд сурах, хөгжих боломж бүрдсэн.


Завхан аймгийн тухайд, 2022 онд 14 сумын боловсролын салбарын 42 объект стандарт шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болсон. Тодруулбал, Асгат, Баянтэс, Тэс, Түдэвтэй, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Баянхайрхан, Ургамал, Яруу, Нөмрөг, Сонгино, Отгон, Сантмаргаз сумын цэцэрлэг, сургууль ариун цэврийн байгууламжтай боллоо.


Мөн Улиастай сумын зургаан сургууль, 9 цэцэрлэг гээд боловсролын салбарын бүх объектууд стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болсон. Ингэснээр Завхан аймгийн хэмжээнд нийт цэцэрлэг сургуулийн 90 орчим хувь нь стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болоод байна.

Энэ жил боловсролын салбарын объектуудын модон жорлонг шинэчлэх ажил үргэлжилнэ гэж Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв. 

Related news