Японы Ерөнхий сайд "G7"-ийн орнуудад хийх айлчлалаа 9-нд эхлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-01-05 09:18:34

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудад хийх айлчлалаа нэгдүгээр сарын 9-нд эхлүүлнэ гэж мэдэгдэв.


"Би нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн Франц, Итали, Их Британи, Канад, АНУ-д айлчилна" гэж тэрбээр лхагва гарагт энэ оны анхны хэвлэлийн бага хурлаа хийхдээ мэдэгдээд, эдгээр улсын удирдагчидтай "G7"-ийн хүрээнд хийж буй хамтын ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа тэмдэглэжээ. 


Айлчлалын үеэр эдгээр орны удирдагчидтай бүс нутгийн болон олон улсын асуудлууд, тэр дундаа Украины байдал, түүнчлэн хоёр талын харилцаа зэрэг өргөн хүрээний сэдвээр хэлэлцэхээр төлөвлөж байна гэж Японы Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. К.Фүмио мөн "Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ашиг сонирхол, оролцоогоо бэхжүүлж буй" эдгээр улстай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа батлах бодолтой байна.


Японы Ерөнхий сайд нэгдүгээр сарын 9-нд Парист айлчилсныхаа дараа нэгдүгээр сарын 10-нд Ромд, нэгдүгээр сарын 11-нд Лондонд хүрэлцэн очих бол нэгдүгээр сарын 12-нд Оттавад айлчилна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хийх уулзалтыг Вашингтонд нэгдүгээр сарын 13-нд товложээ. Тэд Украин дахь ОХУ-ын цэрэг дайны ажиллагаа, Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр мөн Тайванийг тойрсон нөхцөл байдлын талаар хэлэлцэх төлөвтэй байна.


Япон улс энэ онд “Долоогийн бүлэг”-ийг даргалж байгаа бөгөөд тавдугаар сард Хирошимад дээд хэмжээний уулзалт зохион байгуулах юм. Энэ хот 1945 оны наймдугаар сарын 6-нд Америкийн атомын бөмбөгдөлтөд өртөж, 1945 оны наймдугаар сарын 9-нд АНУ атомын бөмбөг хаясан Нагасаки хотын хамт цөмийн зэвсгийг байлдааны ажиллагаанд ашигласан дэлхийн цорын ганц газар болсон билээ. Сонгуулийн тойрог нь байрладаг Хирошима хотыг дээд хэмжээний уулзалт зохион байгуулах газраар сонгосны шалтгаанаа К.Фүмио тайлбарлахдаа, цөмийн зэвсгээс татгалзах хүчтэй дохиог дэлхий дахинд өгөх зорилготой гэжээ. 


Related news