ХӨВСГӨЛ: Ү.Энхжин оны онцлох хүүхдээр тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-26 13:35:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. "Монголын сайхан бичигтэн", "Мөнх тэнгэрийн бичиг", "Сүегэр" улсын уралдааны аварга Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 12б ангийн сурагч Үүрцайхын Энхжин Монгол Улсын 2022 оны Онцлох хүүхдээр шалгарлаа.


Тэрбээр багаасаа монгол хэл болон дүрслэх урлагийн хичээлдээ дуртай, 6-р ангиасаа үндэсний бичгийн хичээлийг сонирхож монгол бичгээ судлахын зэрэгцээ бийрийн бичлэгээр хичээллэж эхэлжээ.


Ү.Энхжин  “Би монгол бичгийг өөрөө сурч судлаад зогсохгүй үе тэнгийнхэндээ өөрийн чаддаг зүйлээ зааж өгөхийг хүсдэг.  Хөвсгөл аймгийнхаа Баянзүрх, Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумын сургуулийн сурагчид, төрийн албан хаагчид нийт 200 гаруй хүнд бийрэн бичлэгийн анхан шатны сургалт зохион байгуулж, Тосонцэнгэл сумын сургуулийнхаа 1-12-р ангийн 100 гаруй хүүхдэд “Бийрийн жим” дугуйлангаа ээжтэйгээ хамт хичээллүүлж байна.

Хүн бүр эх хэл бичгээ өөрийн амь шигээ хайрлаж, бичиг соёлоо хүндэлж яваасай гэж хүсэж байна. Энэ ташрамд намайг үргэлж дэмжиж байдаг хайртай гэр бүл, найз нөхөд, Тосонцэнгэл сумын сургуулийн хамт олон, багш нартаа маш их баярлалаа. Цаашид эх хэлээ дээдлэн, улам их хичээн шамдан суралцах болно” гэдгийг хэлж байлаа.

 

Related news