ХӨВСГӨЛ: Дулааны станцыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-19 13:04:54

Хөвсгөл /МОНЦАМЭ/. “Хөвсгөл Дулааны станц" ТӨХК нь Мөрөн сумын 2620 айл өрх, албан байгууллагыг дулаанаар хангаж байна. 

Тус компани 34,8 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай боловч өнөөдрийн байдлаар нийт 2467 хэрэглэгчийг 36,7 МВт тооцоот ачаалалтайгаар суурилагдсан хүчин чадлаасаа давсан буюу 105,4 хувиар ажиллаж байна. 

Тодруулбал хүчин чадлаасаа давсан тооцоот ачаалалтайгаар халаалтын оргил ачааллын үед бэлтгэл зуухгүйгээр аваарын горимоор бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Цаашид Хөвсгөл аймгийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг найдвартай дулааны эрчим хүчээр хангах, аваар сааталгүй үйл ажиллагаа явуулахад зайлшгүй өргөтгөл хийж хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг “Хөвсгөл Дулааны станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цанлигрэнчин хэлж байна. Өвлийн оргил ачааллын үед буюу 11 дүгээр сараас гуравдугаар сар гартал бэлтгэл зуух, тоноглолгүй ажилладаг тул гэмтэл гарсан үед засварын ажил 4-5 цагийн хугацаанд үргэлжилж энэ үед сүлжээний халаалтын усны температур багасаж хэрэглэгчдийн халаалт ихээхэн доголдож байгаа ажээ.

 

 

Related news