Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлд ОХУ-ыг хамтран ажиллахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-26 15:27:27

Нийслэлийн Засаг дарга С.Батболж Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажилд ОХУ-ыг хамтран ажиллахыг хүслээ.

Тэрбээр өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён  И.К.Азизовыг хүлээн авч уулзахдаа хүсэлтээ илэрхийлсэн байна.

Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд энэ онд тохиож байгааг Нийслэлийн Засаг дарга уулзалтын эхэнд онцлоод, “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот ОХУ-ын Москва, Новосибирск, Улан-Үдэ, Санкт-Петербург, Омск хотуудтай найрсаг харилцаагаа өргөжүүлж байна. Саяхан Улаанбаатар хотноо болсон Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд ОХУ-ын олон хот оролцсон. Энэ үеэр Мовсква хотын Засгийн газрын зөвлөх, Хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хүрээлэнгээс бидэнд Улаанбаатар хотын хөгжлийн анхны Ерөнхий төлөвлөгөөний мэдээллийн 9 баримтыг хүлээлгэн өгсөн. Энэ нь Улаанбаатар хотын архивын чухал баримт болсон. ОХУ-д визгүй зорчдог болсноор эдийн засгийн хамтын ажиллагаагаа дэмжих таатай боломж бүрдэж байна. Нийслэлийн иргэдийн олонхи нь “Орос ах” нарын барьсан орон сууцанд амьдардаг. Хамгийн сүүлийнх нь “Москва” хороолол.  Тиймээс хуучин орон сууцыг сэргээн засварлах ажилд ОХУ-ыг хамтран ажиллаасай гэж хүсч байна. Мөн Байгал нуур, Сэлэнгэ мөрний асуудалд анхаарлаа хандуулж байна. Туул гол, Орхон голтой нийлж, Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Гэтэл Төв цэвэрлэх байгууламжаас болж Туул гол бохирдсон. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажилд та бүхнийг хамтраасай гэж хүсч байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргыг Улан-Үдэ хотын 350 жилийн ойн баярт урьж байгаагаа Элчин сайд хэлээд, “Бид бүх талаар хамтран ажиллахдаа таатай байх болно. хуучнаар ЗХУ-ын үл хөдлөх хөрөнгө, өмчийн асуудлыг шийдвэрлэх, Лениний нэрэмжит клубын газар, барилгын асуудлыг шийдвэрлэхэд таныг туслалцаа үзүүлэхийг хүсч байна. Новосибирск хотын удирдлагууд Улаанбаатар хотод “Худалдааны экспо төв” байгуулах хүсэлтээ илэрхийлсэн” хэмээв.

Элчин сайдын зарим асуудалд хариу өгч, хуучин ЗХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар ажлын хэсэг байгуулан судалж, хариу өгөхөө С.Батболд дарга хэллээ.

Ч.Ариунболд

Related news