ЗАВХАН: Боловсролын салбарт 50.7 тэрбум төгрөгийн өртөгтэй барилгууд барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-06 12:38:35

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт улсын болон орон нутгийн төсвийн 18 тэрбум төгрөгөөр 12 барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ.

Завхан аймгийн хэмжээнд 2021 онд 55.7 тэрбум,  2022 онд 45.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Улсын болон орон нутгийн төсвийн 18 тэрбум төгрөгөөр 12 барилга байгууламжийг ашиглалтад орууллаа. Тухайлбал, Түдэвтэй, Ургамал, Эрдэнэхайрхан зэрэг сумын ЗДТГ-ын барилга. Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн барилга, мөн сумын 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Цэцэн-Уул сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгууд ашиглалтад орсон. Түүнчлэн Эрдэнэхайрхан сумын соёлын төвийн барилга, Сонгино, Шилүүстэй сумын сургуулийн халуун усны барилга, Улиастай сумын 9 дүгээр цэцэрлэгийн барилга, Идэр сумын Соёлын төвийн барилга гээд 12 барилга ашиглалтад оржээ.

Харин аймгийн хэмжээнд боловсролын салбарт 50.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 17 барилга байгууламж барьж байгаа нь нийт хөрөнгө оруулалтын 47 хувийг эзэлж байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр хийж буй томоохон бүтээн байгуулалтын ажлаас нэрлэвэл, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай автозам ашиглалтад орж, Дулааны станц, цэвэрлэх байгууламжийн ажил эхэлсэн.  Аймгийн 24 сум төвлөрсөн халаалтад холбогдож байна.

Түүнчлэн, Улиастай суманд “Гудамж” төслийн хүрээнд 6.7 км авто зам, зам дагуух 128 ширхэг гэрэлтүүлэг, төв гудамж дагуу 82 ширхэг боргоцойн гэрэлтүүлэг, Улиастай зах болон Нэгдсэн эмнэлгийн урд дөрвөн хэсэгт авто зогсоолтой боллоо. “Доной” нисэх буудлын уулзвараас Алдархаан сум хүртэлх 6.7 км хатуу хучилттай автозам ашиглалтад орж, Их-Уул сумын 3 км хатуу хучилттай авто зам 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Отгон, Алдархаан суманд “Шинэ сум төсөл” хэрэгжиж байна. Шинэ Завхан төсөл амжилттай хэрэгжиж байна.

Энэ төслийн хүрээнд Улиастай сумын Өлзийт багт 45 га талбайд инженерийн шугам сүлжээний ажлыг хийж дуусгасан. Одоогоор 800 айлын орон сууцны барилгыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд эхлүүлэхээр зэхэж байна. Тус хороололд 640 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилга, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажлын саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж, шийдвэрлүүлсэн гэж Завхан аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс мэдээлэв. 

Related news