ӨВ СОЁЛ: О.Лхагваажий: Хоолойн лимбэ өвлүүлэх ёстой язгуур урлагийн төрөл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-01 11:06:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Тайгын зөөлөн салхи үлээх мэт тансаг хөг аялгуу хоолойн лимбийг хөөмийн урлагийн нэгэн адил хөгжүүлж болох өгүүлэхүйн шүтэлцээт өвүүдийн нэг гэдгийг үлгэрлэн харуулж буй Мөрөн сумын 2-р багийн өндөр настан биет бус өв тээгч Охин овогт Лхагваажийтай ярилцлаа.


Тэрбээр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн бөгөөд 16 настайдаа Мөрөн хотод шилжин ирж суурьшжээ. Эдүгээ 70 насыг хол давсан ч хоолойн лимбийг бусдад түгээн дэлгэрүүлж, түмэн олондоо хүргэсээр явна.



-Та хоолойн лимбийг хэзээнээс сурсан бэ? Яагаад сонирхох болов?

-Би насаараа Хөгжимт драмын театрт бүжиглэсэн. Бүжигчид чинь эрт тэтгэвэрт гардаг шүү дээ. 30 жил бүжиглээд 1995 онд тэтгэвэрт гарсан. Тэтгэвэртээ гарсан ч зүгээр суухгүй Улаан загалмайн хороонд ажилд орсон. Энэ үеэс хоолойн лимбийг  сонирхож сурч эхэлсэн. Телевиз, радио сонсож л сурсан. Тэр үед яг ингэ гээд заах багш байгаагүй. Ажлаар хөдөөгүүр явахдаа хоолойн лимбээ хүмүүст үзүүлж эхэлсэн. Маш их сонирхож сайхан хүлээж авдаг. Түүнээс хойш тасралтгүй л уралдаан, наадамд оролцож явна.




- Хоолойн лимбэ хэзээ үүссэн талаар та сонирхож байв уу?

- Энэ чинь хоолойгоороо дуугардаг шүү дээ. Лимбэ хөгжим шиг нарийхан аялгуу гардаг учраас л хоолойн лимбэ гэж нэрлэсэн байх. Монголчуудын өргөн уудам тал нутаг, үзэсгэлэнт байгаль дэлхийтэй салшгүй холбоотой болов уу гэж боддог. Ямар нэгэн хөгжмийн зэмсэггүйгээр л өөрийн хоолойгоороо дууны аяыг тоглож байгаа юм.



-Хөвсгөл аймагт хоолойн лимбийг хэдэн уран бүтээлд оруулсан байдаг вэ?

-1959 онд Хөвсгөлийн уран бүтээлчдийн 10 хоногийг Улаанбаатар хотод сурталчлах үеэр Тэс нутгийн ардын “Жаран цагаан хонь” дуугаар дан найрал тавьж тэр дундаа Түнэл сумын Б.Даваа гэж хүнээр хоолойн лимбэ оруулж, хоорын багш Лувсандагва гэдэг хүн л анх найруулсан байдаг юм. Би анх эндээс сонсож байсан. Түүнээс хойш л сонирхож эхэлсэн.


-Сүүлийн үед хоолойн лимбэ сонирхогчид нэмэгдэж байх шиг байна. Өөр аймгуудад хэр хөгжиж байгаа бол?

-Залуучууд, хүүхэд багачууд хоолойн лимбийг сурч,  сонирхож байна. Манай аймгийн Эрдэнэбулганд 80 нэлээн гарсан нэг буурал байдаг. Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймагт бий. Гэхдээ миний мэдэж байгаагаар улсын хэмжээний уралдаан тэмцээнд ордог 7 хүн л байна. Бүгд л олон хүнд зааж сургаж, хөгжүүлж өвлүүлэх бодолтой байдаг. Би Мөрөн сумын Авьяас сургуулийн нэг багшид зааж өгсөн. Сайн сурсан, одоо сурагч нартаа зааж байгаа гэсэн.




      -Та хоолойн лимбээр ямар уралдаанд оролцож байв?

    -Маш олон уралдаан, наадамд оролцож олон шагнал хүртсэн. Тухайлбал, Ардын урлагийн наадам, Нүүдэлчин Монгол, БНХАУ-ын Бээжин хотод болсон Зүүн Азийн ахмадын фестиваль, Япон улсад болсон урлагийн наадам гээд олон уралдаан наадамд амжилттай оролцсон. Урлагийн наадамд оролцож байхад хөөмий бол маш их хөгжиж байна. Энэ төрлөөр аймаг бүрээс олон хүн оролцдог. Харин хоолойн лимбэ бол маш цөөхөн байдаг. Иймээс цаашид хоолойн лимбийг судалж, өвлөн уламжлуулах бодлогод анхаарч, улсаас дэмжих ёстой язгуурын төрөл гэж боддог.





Related news