ХӨВСГӨЛ: Таван жилийн хугацаанд 30-40 сая мод тарьж ургуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-01 10:36:32

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын бореал ойг Хөвсгөл аймагт нөхөн сэргээж ойжуулах төслийн багийн Номгон форестри ХХК-ийн Гүйцэтгэх захирал Томпсон Терренс, ТУЗ-ийн дарга Б.Мөнх-Эрдэнэ  нарыг Мөрөн сумын  удирдлагууд хүлээн авч уулзлаа. 

Бореал ой гэдэг нь бөмбөрцгийн хойд хэсгийн хүйтэн сэрүүн газар ургадаг шилмүүст ойг хэлдэг. Тус ой нь Сибирээс эхэлдэг бөгөөд Хөвсгөл аймгийг төгсгөл нь гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл цэвдгийг хадгалахын тулд хуш, гацуур, шинэс  модыг тарьж ургуулж бореал ойг нөхөн сэргээх аж.


Уулзалтаар Мөрөн хотыг тойрсон 30 км ногоон зурвас, Дэлгэрмөрөн голын сав газрыг ойжуулах саналыг Мөрөн сумын Засаг дарга тавьж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжих ажлын хүрээнд мод тарих төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Санамж бичгийн хүрээнд Хөвсгөл аймагт 5 жилийн хугацаанд 30-40 сая мод тарьж ургуулах юм. Төслийн хүрээнд зөвхөн мод тарих биш ургуулах, арчлах, хамгаалах асуудлыг мөн хамтад нь зохион байгуулж ажиллана.

Тус төслийн баг ирэх оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд 4 аймагт 150-200 сая мод тарих төсөл хэрэгжүүлэх ажээ.

 

Related news