ДОХ-оос ангижрах зорилгодоо хүрч чадахгүй бололтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-12-01 09:36:27

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Дэлхий дахин 2030 он гэхэд ДОХ-оос ангижрах зорилгодоо хүрч чадахгүй бололтой байгааг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Чаба Короши лхагва гарагт анхааруулаад, энэ чиглэлд хүчин чармайлт гаргахыг уриалжээ.


Ч.Короши жил бүрийн 12 дугаар сарын 1-ны өдөр тохиодог ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан хэлсэн үгэндээ, “Тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, хүний эрхийг үл тоомсорлосон байдал нь 2030 он гэхэд ДОХ-оос ангижрах зорилгодоо хүрэх чиглэлд гаргаж буй ахиц дэвшилд саад болж, улмаар энэ зорилгодоо хүрч чадахгүй бололтой байна” гэж мэдэгдсэн байна.


“ХДХВ/ДОХ 40 гаруй жилийн турш нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал байсаар ирсэнд нөлөөлж буй эдгээр сорилтыг бид зохицуулах ёстой” гэж тэрбээр хэлжээ. Олон улсын хамтын нийгэмлэг хүчин чармайлт гаргавал энэ 10 жилд ХДХВ-ний 3.6 сая тохиолдол шинээр илрэхээс, ДОХ-ын улмаас 1.7 сая хүн нас барахаас урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг мөн эш татжээ.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2021 онд баталсан ДОХ-ын асуудлаарх улс төрийн тунхаглалд тусгасан 2025 он гэхэд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтууд нь зоримог хэдий ч засгийн газар, олон нийтийн хувьд хэрэгжүүлэх боломжтой гэдгийг Ч.Короши онцлоод, ДОХ-оос ангижрах чиглэлд өгсөн улс төр, санхүүгийн үүрэг амлалтаа шинэчлэхийг бүх гишүүн орон, оролцогч талуудад хандан уриалсан байна. 

Related news