Монголчууд Мянганы суут хүн их хаанаараа бахархаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-11-24 09:33:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн. Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархал”-ын өдөр. Энэ түүхэн өдөр зарим иргэний Эзэн богд Чингис хааныхаа талаар ямар сэтгэгдэлтэй явдгийг сонирхлоо.


Х.Энхтүвшин: Мянганы суут хүнээрээ бид бахархах учиртай

Иргэн Х.Энхтүвшин:

-Чингис хаан бол Мянганы суут хүн. Хүчээр бус эвийг яаж бий болгосон, яаж тархай бутархай байсан байдлыг эвлүүлж чадсан гэдэг өөрөө түүх юм. Тэрээр хэлсэндээ хүрдэг, хийдэг маш шударга хүн байсан. Нөгөө талаар улс төрийг захирах тал дээр гарамгай хүн байсан. Энд хүчээр зангидах, хүчээр захирах гээд олон арга байдгийг дэлхийн түүхээс бид мэднэ. Тэгвэл Чингис хаан сэтгэлээр захирч, дайснаа өөрийн болгож байсан. Хэнийг ч айлган сүрдүүлж байгаагүй. Энэ бол эв нэгдлийн хамгийн дээд хүч гэдгийг дэлхийд гайхуулж байсан мундаг хүн. Энэ талаар өөрийнх ньХүний сэтгэлийг нь тат. Сэтгэлийг татаж чадсан байхад бие нь хаа холдох вэ” хэмээн хэлсэн үг бий шүү дээ. Энэ нь дээд хүч гэдгийг дэлхийд гайхуулж байсан мундаг хүн. Ийм эзэн хаан дэлхийд цор ганц байсан гэдгээр бид бахархах учиртай.


Э.Хонгорзул: Бидэнд заяасан агуу хүний мэндэлсэн өдрөөр бахархаж байна


Хэнтий аймгийн Дадал сумын дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Хонгорзул:

-Их эзэн хааныхаа мэндэлсэн энэ өдрийг Монгол бахархлын өдөр гэж хэлэхгүй байхын аргагүй. Энэ өдрийг монголчууд бид нийтээрээ амарч өнгөрүүлдэг, бас энэ өдөр иргэдийг төрийн дээд одонгоор шагнан урамшуулдаг. Миний хамгийн их бахархдаг бас хамгийн их хүндэлдэг хүний мэндэлсэн өдөр зөвхөн миний ч гэлтгүй монгол хүн бүрийн байх. Яагаад гэвэл бидний гишгэж буй газар, амьсгалж буй агаар, хэдэн мянган жил ч сонссон уйдамгүй эх хэлийг минь бидэнд заяасан агуу нэгний мэндэлсэн өдөр. Монгол хүн гээд хэлэхээр миний зүрхэнд минь бяцхаан омогшил төрж байдаг. Ийм сайхан нутаг, ийм сайхан хүмүүсийн халуун цус судсаар минь урсаж байгаа учраас өөрөөрөө бахархахгүй байхын аргагүй гэдэг бодол надад уяатай байдаг.

 

Хойч үедээ түүхээ сайн мэдүүлэхэд түүхчдийн үүрэг чухал


Хувиараа хөдөлмөр эрхлэгч Ц.Мөнхтунгалаг:

-Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний тэгш ой тохиож, монгол хүн бүр л баярлан бахархаж байна. Их хаанаа, түүний бүтээсэн эх орныхоо үүх түүх, өв соёлоо хүндэтгэн өнөөдөр монгол дээл, хувцсаа өмсөн баярлаж байна.


Би ажил, амралтын өдрүүдээрээ ном их уншдаг. Эзэн хаантай холбоотой хэлэхэд гадаадын зарим номд Чингис хааныг дэлхийг донсолгож байсан, хаа сайгүй хана хэргэм босгоход хүрч байсан гээд дэлхийн улс орнуудын тухай уншихад бичсэн байдаг. Зарим талаар хэтэрхий өгүүлжээ хэмээн би хувьдаа боддог.


Ер нь социализмын үед үзэл суртлаас болоод монголчууд бид ч эзэн хаанаа ил тод хэлж чаддаггүй, дотроо л залбиран шүтэж ирсэн. Энэ байдал нь ч түүхийг үнэн зөвөөр гаргаж ирэхэд хүндрэлтэй байсан байх. Тиймээс монголчууд бид, Монгол Улс хааныхаа ойг тэмдэглэхээс гадна хойч үе маань үүх түүхээ сайн мэдэж бахархаж байх нь чухал юм. Үүнд манай түүхчдийн үүрэг чухал.

Related news