ДОРНОГОВЬ: Хүнсний салбарыг кластер хэлбэрээр хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-11 12:12:30

Дорноговь/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”  үндэсний хөдөлгөөний нээлт энэ сарын 11-нд Сайншанд хотод боллоо.


Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх бөгөөд Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга Ч.Даваабаяр, ХХААХҮЯ, ЭЗХЯ-ны мэргэжилтнүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан албаны ахлах референт Д.Цэвээндорж, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймаг, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, аймаг сумдын ЗДТГ-ын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, орон нутгийн хүнс үйлдвэрлэгч болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл 200 гаруй хүн оролцлоо.

Энэ үеэр Монгол орны хүнсний салбарын өнөөгийн байдал, УИХ-ын 36 дугаар тогтоол болон ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөрийн албаны танилцуулга, хүнсний тогтвортой нийлүүлэлт, аюулгүй байдлыг хангах тогтолцоо, шийдэл, Дорноговь аймгийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт зэрэг сэдвээр албаныхан мэдээлэл хүргэж харилцан ярилцсан юм.


Дорноговь аймаг говийн бүсийн онцлогтоо тохируулж, тэмээн сүргийн ашиг шимээр үйлдвэрлэсэн онцлог бүтээгдэхүүн гарган авах, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өндөг болон бусад хүнсний аж ахуй хийгээд  хамгаалагдсан хөрс буюу хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд онцгой анхаарах бодлого баримталж байна.


Мөн газрын тосны үйлдвэр, шинэ төмөр зам болон бусад үйлдвэр технологийн хөгжлөө дагасан бодлого баримталж хүнсний салбараа кластер хэлбэрээр хөгжүүлэн хүнс экспортлох зорилт тавьжээ. Сүүлийн үед хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн тоо аймгийн хэмжээнд нэмэгдсэн бөгөөд иргэд эх орны хөрсөнд цэвэр органик бүтээгдэхүүн тариалж өөрийн болон хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлэх хүсэл зорилго нэмэгдэж буй нь эерэг өөрчлөлт аж.


Одоогийн байдлаар Дорноговь аймгийн тариаланчид хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 13 орчим, махны хэрэгцээний 100 хувь, сүүний 60 гаруй хувь, өндөгний 60 гаруй хувийг дотоодоос хангаж байна.



Related news