ЗАВХАН:Хүүхэд хамгааллын үйлчилгээг 450 гаруй хүүхэд, залуус авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-10 14:39:53

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Их-Уул суманд хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үргэлжилж байна.

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг тус сумын 450 гаруй хүүхэд, насанд хүрэгч авчээ. Энэхүү үйлчилгээгээр хүүхдийн нас, хөгжлийн онцлог, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаарх мэдээлэл зөвлөгөөг эцэг эхчүүдэд өгч байна. Түүнчлэн төрөөс гэр бүл, хүүхэд, залуучуудын хамгаалал, хөгжил, оролцооны чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг сумын иргэдэд өгөх. Хүүхэд хамгааллын асуудлаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах.


Аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааг танилцуулах, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг хүргэлээ. Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас энэхүү явуулын үйлчилгээг сум бүрт зохион байгуулахаар төлөвлөж өнгөрсөн 9 дүгээр сараас Улиастай сумаас эхлүүлсэн. Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг насанд хүрэгчид болон хүүхдүүд нээлттэй авах боломжтой юм.

Мөн сумдын хүүхэд хамгааллын Хамтарсан багт зөвлөн туслах, кейс хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Сэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар Улиастай сумын дөрвөн багийн 760 гаруй хүүхэд, залуучууд, насанд хүрэгчид зөвлөгөө мэдээлэл аваад байна. Ер нь хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг газар дээр нь очиж, хүүхэд, залуучуудад хүрч үйлчлэх.

Тэдэнд тулгамддаг олон асуудлын гарц, зөвлөгөө мэдээллийг мэргэжлийн сэтгэл зүйч, багш нар ганцаарчлан уулзаж өгөх нь их үр дүнтэй юм байна. Мөн эхлээд хүүхдүүдтэй танхимын сургалт, ганцаарчилсан уулзалтуудыг хийгээд, дараа нь зорилтот эцэг эхчүүдтэйгээ уулзаж зөвлөгөө мэдээллийг өгөх нь мөн үр дүнтэй харагдаж байна. Тиймээс явуулын үйлчилгээг хөдөөгийн, хамгийн олон хүн амтай Их-Уул сумаас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус сумын 450 гаруй хүүхэд, залуучууд, эцэг эхчүүд, 30 гаруй төрийн албан хаагч зөвлөгөө мэдээлэл авлаа. Цаашид төлөвлөгөөний дагуу бусад суманд очиж, газар дээр нь хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг үргэлжлүүлэн хүргэнэ гэж Завхан аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв. 






Related news