ХӨВСГӨЛ: Хөвсгөл аймаг түнш аймгаар тодорч туг гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-29 20:01:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын "Ай Ти Эм Монголиа-2022” үзэсгэлэн Мишээл экспод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

"Ай Ти Эм - 2022" аялал жуулчлалын түнш аймгаар ажилласан Булган аймаг зорилтот ажлуудаа амжилттай хэрэгжүүлэн шилжин явах тугаа Хөвсгөл аймагт шилжүүлэн өгч, Хөвсгөл аймаг 2023 онд орон нутгийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бусад аймгаа манлайлан ажиллахаар боллоо.


Энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Шаравдоржийн Идэрбаясгалан хэлсэн үгэндээ:

"Хөвсгөл аймгийг хоггүй аяллын бүс болгон эко аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна төрөлжсөн аялал жуулчлалыг нэмэгдүүлж, ирсэн жуулчдад үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулан, стандарттай аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж байна. Аялал жуулчлалын салбарыг бусад салбартай хамтран өргөжүүлж интеграцид оруулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоотой нягт хамтран ажиллана.

“Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн түнш аймгаар оролцож хамтран зохион байгуулснаар аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад, дотоодод сурталчлах, Хөвсгөл аймгийг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын хөгжилд чухал холбогдолтой юм” гэдгийг онцоллоо. 


Тус аймаг 2023 оныг байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Хөвсгөлд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын зөвлөгөөн зохион байгуулж Мөсний баяр, Алунгоо эхийн сургаалын баяр, Цаатан фестиваль, Сарлагийн баяр, Цагаан адууны баяр зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.


Сүүлийн жилүүдэд Хөвсгөлийг зорин ирэх  дотоодын аялагчдын тоо эрс өсөж байгаа бөгөөд энэ жил дотоодын 107915, гадаадын 18475 жуулчин иржээ.


 

Related news