ЗАВХАН: Ойн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг 2027 он хүртэл хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-28 13:41:55

Завхан/МОНЦАМЭ/. Их-Уул сум энэ жил 3680 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийжээ.

Тухайлбал, Зарт багийн Халуун ус, Байшинт, Хужирт булаг, Салаа, Урт жалга, Гүнжийн хясаа, Буурал мод, Элстий, Мухар Шивэртий гэх газруудын ойн сан бүхий газар ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийгээд байна.

Нийт 3680 га талбайд  Якобсоны төөлүүрч эрвээхэйн тархалттай учир ойг хамгаалах нөхөн сэргээх ажлыг “Нью грийн форест” ХХК болон нутгийн иргэдтэй хамтран хийсэн байна.

Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын ойн сан нь Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Архангай аймгийн Цахир сумын нутгийг хамарсан 108667 га талбай юм. Үүний 3173700 шоо метр нь Их-Уул сумын нутагт байдаг. Тус сумын ойн санд шинэс, хуш мод зонхилсон, насны хувьд дунд насны, болц гүйцэж яваа, болц гүйцсэн гэсэн насжилттай байна гэж Их-Уул сумын ЗДТГ-аас мэдээлэв.  

Ташрамд Их-Уул сум нь ойн тогтвортой менежментийн 2020-2027 оны төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Тус сумын нийт газар нутгийнх нь 30 хувийг ойн сан эзэлдэг. Тиймээс энэ онд хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ойн нөхөн сэргээлт, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийгээд буй юм. Тухайлбал, төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумын ойн сан бүхий газар модны үр түүх байнгын болон түр талбай байгуулах. Ойн нөхөрлөл дундын мод үржүүлгийн газар байгуулах. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх. Байгалийн сэргэн ургалтад туслах, ойжуулах, ойжуулалт хийсэн талбайг хашиж хамгаалан мал бэлчээрлэлтээс тусгаарлах, ойн цэвэрлэгээ зэрэг ажлыг хийгээд байгаа гэж нэмж мэдээлэв. 

Related news