ЗАВХАН: Нэг ажилчин жилд дунджаар 150.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-28 11:58:57

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн аж үйлдвэрийн салбар нь баруун бүсийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 17.6 хувийг үйлдвэрлэжээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн аж үйлдвэрийн салбарт нийт 1246 ажиллагсад ажиллаж байна.

Эдгээр ажиллагсдын нэг хүний хөдөлмөрийн бүтээмж 30.8 сая төгрөг, жилд дунджаар 150.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Аймгийн нийт үйлдвэрлэлд аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл 76.2 хувийг иргэний үйлдвэрлэл 23.8 хувийг эзэлж байна. Нэг хүнд ногдох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 2010 онд 141.8 мянган төгрөг байсан бол 2022 оны байдлаар 524.1 мянган төгрөг буюу 3.7 дахин өсжээ. Энэ нь жил бүр тогтмол өсөлттэй байсны дээр тухайн жил мах боловсруулах үйлдвэрлэл, дулааны үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой байна. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнөөдрийн байдлаар оны үнээр 25 тэрбум 302.7 сая төгрөг болж, өнгөрсөн оноос 4.9 хувиар буюу 1 тэр бум 184.9 сая төгрөгөөр өссөн байна.


Хүн амын нягтаршил бага байгаа нь үйлдвэрлэлд нөлөөлж байна

Завхан аймгийн хэмжээнд аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын тоон судалгаанаас харахад хамгийн олон үйлдвэрлэгч нь Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Дөрвөлжин, Тэлмэн сум байна. Аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг авч үзэхэд нэг ажилтны хөдөлмөрийн бүтээмж, нэг өдрийн үйлдвэрлэлтийн хэмжээ, нэг хүнд ногдох үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ зэрэг жил бүр нийт үйлдвэрлэлийн хэмжээний өсөлтийг даган өсөж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлийн хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг улам хурдацтай нэмэгдүүлэх, хангахад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих. Санхүүгийн болон тоног төхөөрөмж бусад хөнгөлөлт, эх үүсвэрийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Манай аймгийн хувьд зах зээлээс алслагдмал, дэд бүтцийн хөгжил сул, хүн амын нягтаршил бага байдаг зэрэг нь жижиг дунд үйлдвэрлэлийн өсөлтөд зарим талаар нөлөөлж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Related news