Уул уурхайгаас ангид, тогтвортой хөгжих төслийг танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-10-25 12:59:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал: Тулгамдаж буй асуудал, зөвлөмж” сэдэвт олон улсын хурал “Туушин” зочид буудалд болж байна.


Японы хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА эдийн засгийг уул уурхайн салбарын хэлбэлзэл, хараат байдлаас ангид тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулах чадавхийг бэхжүүлэх төслийг манай улсад 2016 оноос хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд хийсэн судалгаа, уул уурхайн орлогын үр ашигтай удирдлага, гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөө, гэрээ хэлэлцээрийн талаар Эдийн засгийн судалгаа, шинжилгээний хүрээлэн, ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, МУИС-иас хамтран зохион байгуулж буй өнөөдрийн хурлаар танилцуулан хэлэлцүүлж байна.


Хурлын үндсэн илтгэлийг “Уул уурхайн салбарын Монгол, Японы техникийн хамтын ажиллагаа” сэдвээр ЖАЙКА-гийн Байгалийн нөөцийн ахлах зөвлөх доктор Ёшитака Хосои тавьсан бол “Монгол Улсад Хөгжлийн сан байгуулах нь” сэдвээр УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал илтгэл хэлэлцүүллээ.


Бид ЖАЙКА-гийн Байгалийн нөөцийн ахлах зөвлөх доктор Ёшитака Хосоигоос тус байгууллагын хийсэн судалгаа болон өнөөдрийн уулзалтын талаар сэтгэгдлийг сонсвол, "Монгол Улсын хөгжлийн суурь бол уул уурхай. Энэ удаагийн судалгаа ганцхан салбарын бус, түүнд хамаарах зүйлийг олон талаас нь судалснаараа дэлхийд анх удаа бодит жишээ болж магадгүй. Тийм учраас би Монгол загвар гэсэн юм. Хөрөнгө оруулалтын тухайд тухайн улс орон геополитикийн хувьд, бодлогын хувьд тогтвортой байх хэрэгтэй"-г чухалчилж байв.




Эдийн засгийг уул уурхайн салбарын хэлбэлзэл, хараат байдлаас ангид тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд юуны өмнө манай улсад Баялгийн болон Хөгжлийн сангуудыг ном журмын дагуу байгуулж, эрх зүйг хангах, харин уул уурхайн салбарт өөрт нь нэмүү өртөгийн сүлжээг түүхий эдийн маркетинг, борлуулалтад тулгуурлан бий болгох хэрэгтэйг хурлаар онцолж байна. 


“Монголын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал: Тулгамдаж буй асуудал, зөвлөмж”-д түүхий эдийн худалдааг сайжруулах зэрэг салбарын олон асуудал нь уул уурхайн тогтвортой хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг тодорхойлохоос эхлэх учиртайг зөвлөж байна. Уул уурхайн салбарын хөгжилд, улмаар улс орны хөгжилд шаардлагатай хэрэгжүүлэх алхамуудыг судалгааны санал зөвлөмжид үндэслэн боловсруулжээ. 

Related news