ЗАВХАН: Эрсдэлийг даван туулахын тулд малыг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулахыг хүсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-13 17:05:01

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг энэ онд нийт 307.6 сая төгрөгийг гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах ажилд зарцуулаад байна.


Тухайлбал, аймгийн Засаг даргын нөөц сангаас 87,6 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангаас 220 сая төгрөгийг гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах ажилд зарцуулжээ. Энэ зун нийт нутгаар таваас наймдугаар сард олон жилийн дунджаас бага хур тунадас орсноос бэлчээрийн ургамлын ургалт тачир сийрэг, гарц тааруухан. Малын тоо толгой өссөн, бэлчээрийн даац багтаамж нийт нутгийн 67 хувьд хэд дахин болон олон дахин хэтэрсэн нь өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл бүрдсэн байгаа. Хүйтний улирлын төлөв мэдээгээр 12 дугаар сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, 11, 12 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.

Иймд манай аймгийн ихэнх сумдад өвөлжилт хүндрэх, зудын эрсдэл үүсэх нөхцөл бүрдэж болзошгүй байна. Аймгийн хэмжээнд Баянтэс, Тэс, Яруу сум эрсдэл маш өндөр, 13 сум өндөр, найман сум зудын дунд эрсдэлтэй үнэлэгдсэн. Тиймээс малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, малчид, мал бүхий иргэдийн гар дээр бэлэн мөнгөтэй болгоход дэмжлэг үзүүлэх.

Зах зээлд 967.6 мянган толгой мал борлуулах төлөвлөгөөг гаргасан. Архангай, Хөвсгөл, Баянхонгор зэрэг аймгуудад отроор мал өвөлжүүлэх асуудлыг шийдвэрлэх. Тэлмэн сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангид фургон автомашин шаардлагатай байгаа.

Аймгийн 24 сумаас авсан судалгаагаар 1.900 тн өвс, 700 тн тэжээлийн хэрэгцээ шаардлагатай байгаа. Баянтэс суманд 9, 10 дугаар сард гарсан ой, хээрийн түймрийн зардлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Гэхчлэн санал, хүсэлт, яаралтай шийдвэрлэх асуудлуудыг холбогдох яам, газруудад уламжилж өгөхийг Улсын Онцгой комиссын Шуурхай бүлгийн ажлын хэсгийг Завхан аймагт ажиллах үеэр дуулгасан тухай аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

 

Related news