ДОРНОГОВЬ: Бэлчээрт хаягдсан зээрийн янзагыг тэжээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-03 09:52:02

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн төвөөс зүүн тийш 20 орчим  км-т нутаглах малчин Д.Дамдинрагчаа говийн хар сүүлт буюу бор зээрийн янзагыг өнгөрсөн зун хээрээс олж тэжээжээ.


Бэлчээр дээр эхээсээ хоцорсон нялх амьтныг ямааны сүүгээр угжиж тэнхрүүлсэн бөгөөд нялх янзага малчны хотонд дасаж өдөр бүр сүүгээ уух гээд хот дүүрэн цоройн цовхчдог инээд хөөр бэлэглэсэн амьтан болж хувирчээ. Тал нутагт бор зээр буюу хар сүүлт, цагаан зээр гэж хоёр уран амьтан бий.


Аль аль нь л онцлогтой. Бор зээр хүний бараа харуутаа л цахилж оддог илүү зэрлэг, цөөхүүлээ бэлчдэг бол цагаан зээр олуулаа бэлчинэ. Зээр байнга нүүдэллэж явдаг онцлогтой. Зуны аагим халуунд хялганат талдаа зуншиж намар оройхон анхны цас орох үеэр хэдэн зуугаараа шимт тэжээлт бэлчээр хайн нүүдэллэдэг. Туруугаа элэгдтэл нүүдэллэж явсаар дахиад л хялганат талдаа ирдэг. Зарим нь нүүдлийн үеэр үхэж үрэгдэнэ, араатан амьтан, олз хайгчдын хоол болно. 


Зээрийн сүүл заримдаа гозойчихсон явах нь бий. Алсаас харахад антенн шиг харагдана. Бор зээрийн сүүл бараг 90 градусын өнцөг гаргадаг гэх. "Хүүе тэрийг хараач. Антенн явж байна гээд л нутгийнхан ярьцгаана.


Давхиж явахдаа хоёр чихээ гозойлгож, цагаан танаа гялалзуулаад, уран нарийн хөлөөрөө өвс ургамлыг ярж, ус мөрөн долгилуулах шиг хурдалж тал нутгийг амь оруулдаг амьтан бол зээр билээ. Бэлчээр гүйцэх чадалтай болж өсч торнисны дараа янзага нэг л өдөр ижил олон нөхдөө үгүйлэн говийн ээрэм тал руу цахилан одно доо гэж нутгийн малчин ярилаа.

Related news