Жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-09-26 09:15:47

БРЮССЕЛЬ. /anadolu/. Олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг тараахдаа хүч хэрэглэхээс зайлсхийж, интернэт холболтыг нээхийг Европын Холбоо /ЕХ/ Ираны эрх баригчдад уриаллаа. 


ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель мэдэгдэхдээ, Ираны аюулгүйн байдлын хүчнийхэн жагсагчдын эсрэг тэнцвэргүй хүч хэрэглэж байна гэв.


Ж.Боррелийн тэмдэглэснээр, интернэт, олон нийтийн сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарлаж байгаа нь үг хэлэх эрх чөлөөг зөрчсөн явдал юм. ЕХ болон ЕХ-ны орнууд жагсагчдын эсрэг хүч хэрэглэхийг хүлээн зөвшөөрч боломгүй, хууль бус гэж үзэж байна гэж Ж.Боррель цохон тэмдэглэжээ. 


“Иран улс эсэргүүцлийн жагсаалыг хүчирхийллийн аргаар дарах ажиллагаагаа нэн даруй зогсоож, мэдээлэл, интернэтийн чөлөөт урсгалыг хангана гэж бид найдаж байна. Мөн амиа алдсан болон саатуулагдсан хүмүүсийн тоог мэдээлж, тайван жагсагчдыг суллаж,саатуулагдсан хүмүүст зохих ёсоор хандана гэж найдаж байна” гэж ЕХ-ны дээд төлөөлөгч нэмж хэлсэн байна. 


Махса Аминигийн амь насаа алдсан хэргийг зохих ёсоор шалгаж, түүний үхэлд буруутай бүх хүнийг хариуцлагад татах ёстой гэж Ж.Боррель цохон тэмдэглэжээ. 


Хижаб буюу толгойн алчуураа зохисгүй байдлаар зүүсэн гэх шалтгаанаар цагдаагийнханд баривчлагдаж, удалгүй нас барсан 22 настай Махса Амини бүсгүйн үхэлд цагдаагийнхан, төр засгийг буруутгасан жагсаал Иранд үргэлжилсээр байгаа юм. 


Махса Амини есдүгээр 13-нд баривчлагдаж, есдүгээр сарын 16-нд эмнэлэгт нас баржээ. 


Related news