ДУНДГОВЬ: Олон улсын хэмжээний мастер, гавьяат багш М.Гаамаагийн нэрэмжит тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-20 14:53:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавьяат багш, гар бөмбөгийн спортын Олон улсын хэмжээний мастер Монхорын Гаамаагийн нэрэмжит насанд хүрэгчдийн гар бөмбөгийн тэмцээн 9 дүгээр сарын 17-18-ны өдөр Мандалговь хотноо боллоо.

Тэмцээнийг түүний үе үеийн шавь нар нь хамтран зохион байгуулж, 19 багийн 250 орчим тамирчин авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлджээ.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Говь-Угтаал сумын баг түрүүлж, Бүрд зочид буудал болон МГСС-ийн хамтарсан баг, Цагдаагийн газрын баг тамирчид удааллаа.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд Эрдмийн далай цогцолбор сургуулийн баг түрүүлж, МНЧ ХХК-ийн баг, Гурвансайхан сумын баг удаалсан аж.

“Шилдэг холбогч”-оор тамирчин Б.Шинэцэцэг, Б.Билгүүндалай, “Шилдэг хамгаалагч”-аар Ц.Сувдантуяа, Э.Мөнгөнсүх, “Шилдэг довтлогч”-оор Б.Мядагмаа, М.Гэндэндарам, “Шилдэг давуулагч”-аар Г.Мөнхзаяа, А.Долоонхүч, “Тэгш тоглогч”-оор А.Пунсалдулам, У.Саруултамир нар шалгарчээ.  

Олон улсын хэмжээний мастер Монхорын Гаамаа Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, ажил, амьдралынхаа 48 жилийг энэхүү спорттой холбож, улс, аймгийнхаа нэрийг олон удаа гаргаж явсан төдийгүй, спортын зэрэгтэй 700 гаруй тамирчныг бэлтгэн гаргасан гавьяатай тамирчин, багш, дасгалжуулагч юм.

Тэрээр 1977-1980 онд Монгол Улсын шигшээ багт тоглож байсан бөгөөд 1978 оны улсын аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг довтлогч”-оор шалгарч, 1977 онд Болгар улсын "Универсиад-79", 1978 оны Олон улсын тэмцээний мөнгөн медаль хүртэж байсан тамирчин юм. Мөн улс, аймгийн “Шилдэг дасгалжуулагч”, “Шилдэг багш”-аар удаа дараа шалгарсан аж.

Гар бөмбөгийн спортыг хөгжүүлэх, шинэ, залуу тамирчдыг бэлтгэхэд оруулсан хувь нэмэр, гаргасан амжилтыг үнэлж, 2020 оны 10 дугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар М.Гаамааг Монгол Улсын Гавьяат багш цол тэмдгээр шагнажээ. 

Related news