Хятадын элчин сайд Увсад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-08-17 14:51:45

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Син Хаймин энэ сарын 16-18-ны өдрүүдэд Увс аймагт албан ёсны айлчлал хийж байна.

Тэрбээр 16 хүний бүрэлдэхүүнтэй Увсад хүрэлцэн ирсэн бөгөөд нийгэм, хөдөө аж ахуй, худалдаа үйлдвэрлэл гэх мэт салбар салбарт хамтарч ажиллах хамтын ажиллагааны уулзалтуудыг орон нутгийн холбогдох албаны хүмүүстэй хийсэн юм. Хятадын элчин сайдыг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, Галданбошготын өргөөгөөр зочлуулж, аймгийн музейтэй танилцуулсанаас гадна зарим үйлдвэр аж ахуйн нэгжүүдээр орууллаа.

Син Хаймины албан ёсны айлчлалын үр дүнд Увс аймаг урд хөрш рүү түүхий мах болоод чацаргана, чацарганы бүтээгдэхүүн гаргах, дэд бүтэц болоод эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллах боломж бүрдсэн байна.

Тэрбээр Увс аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялаад өнөө орой Завхан аймгийг зорино.

Увс аймаг Б.Батхүү

 

Related news