Ле Минь Хоан: Монгол Улс Төв Азийг Европтой холбох гарц юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-09-15 15:01:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс нь 100 сая хүн амтай Вьетнамын хувьд Төв Азийг ОХУ болон Европтой холбох гарц хэмээн үзэж байна. Цаашлаад 650 гаруй сая хэрэглэгчтэй АСЕАН-ны орнууд руу орох, гарах үүд хаалга болно хэмээн манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс (БНСВУ)-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан өнөөдөр МҮХАҮТ-д болсон Монгол-Вьетнамын хоёр дахь бизнес уулзалт дээр илэрхийллээ.


Хоёр дахь гэж буйн учир нь өнгөрсөн 6 дугаар сард тус улсын бизнесийн томоохон төлөөлөл манай улсад мөн айлчилж хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцсэн юм. Хоёр талын хувийн хэвшлийн бизнес уулзалт болон төрийн албан айлчлал давтамжтай болж байгаа нь Монгол-Вьетнамын хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх зорилгын илэрхийлэл юм хэмээн мөн манай улсад айлчилж буй БНСВУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань онцолж байна. Тэрбээр хэлэхдээ, “Манай улс жилд 370 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолдог. Нүүрс, төмрийн хүдэр, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний хэрэгцээ их байгаа. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд Монгол-ОХУ-БНХАУ-ын тээврийн гурван талт хэлэлцээрт нэгдэн орох зэргээр тээврийн гарцыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа”-г онцлов.


Монгол-Вьетнамын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд Монгол-ОХУ-БНХАУ-ын тээврийн гурван талт хэлэлцээрт БНСВУ нэгдэн орох зэргээр тээврийн гарцыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.



Хоёр улсын хооронд эхний ээлжинд жижиг, дунд бизнесийг хөгжүүлснээр аяндаа том бизнес, хамтын ажиллагааны томоохон төслүүд орж хөгжих боломжтой. Тиймээс юуны өмнө тээвэр логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр худалдаа, бизнесийн олон боломж нээгдэнэ хэмээн Вьетнамын тал үзэж байна.


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Вьетнамын талаас тавьж буй хамтын ажиллагааны саналууд биелж хэрэгжих боломжтойг илэрхийлэв. Тэрбээр, цаашид Худалдаа, аж үйлдвэрийн танхимын зүгээс БНСВУ-ын хамтран ажиллагч талуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүрээнд харилцан худалдааг нэмэгдүүлэх, хоёр улсын хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөхөд тулгарч байгаа тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллах болно гэв.


Монголоос Вьетнам руу өнгөрсөн онд хонь, ямааны мах, малын дайвар бүтээгдэхүүн зэрэг 485 мянган ам.долларын дүн бүхий бараа бүтээгдэхүүн экспортолсон бол Вьетнам улсаас цагаан будаа, шар буурцгийн тос, лаазалсан самар, хатаасан жимс, хуванцар сав баглаа, боодол зэрэг 80 сая гаруй ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолжээ.


Өнөөдрийн уулзалтад Вьетнамын талаас тээвэр-ложистик, эрчим хүч, загас, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын компаниудын төлөөлөл оролцлоо. Монголоос махны экспорт, мөн хүнсний чиглэлийн ААН-үүдийн төлөөлөл ирсэн байв. Уулзалтын төгсгөлд хоёр талын бизнсийнхний нүүр тулсан ганцаарчилсан уулзалтууд болов. 


Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Related news