Г.Ганболд: Бидэнд бодлогын зөрүү гарахгүй, төр засгийн ажилд гацаа үүсэхгүй гэж бодож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-08-17 08:00:09

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдтой цаг үеийн ажлаар ярилцлаа.

- Аймгийн Засаг даргаар томилогдсонд тань баяр хүргэе. Таныг ажлаа хүлээн авах цаг үеэр Өвөрхангай аймаг маань Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийг одон авсан. Үүнд та баяртай байгаа байх?

- Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдаад 85 жил болж байна. Энэ түүхэн хугацаанд Өвөрхангайчууд улс орныхоо бүх салбарт асар их хувь нэмэр оруулсан ард түмэн юм. Өвөрхангай аймаг хүн амынхаа тоо болон малынхаа тоо толгойгоор улсад тэргүүлдэг. Нутгаа төдийгүй эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгасан алдартан цуутан олонтой. Мөн шашин, соёл, түүхийн дурсгалт газар их, үзэсгэлэнт байгальтай, аялал жуулчлалыг хөгжүүлэх баялаг нөөцтэй аймаг.

Энэ хэрээр улс орныхоо хөгжил, дэвшилд оруулж буй Өвөрхангайчуудын ажил хөдөлмөрийг Монголын төр үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийг одонгоор шагнасан. Өмнөх жилүүдэд аймгаа одонд олон удаа тодорхойлж байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдож байсан. Харин намайг Засаг даргын ажлыг хүлээж авсны дараахан ийм шийдвэр гарч, Ерөнхийлөгчийн зөвлөхөөс гардаж авсандаа бэлэгшээж байгаа.

Одонтой аймгийнхаа нэр алдрыг өргөж явах, одонг “ихэрлүүлэх” зорилго тавьж ажиллана. Мэдээж, ойрын жилүүдэд одон “ихэрлэх” боломж байхгүй ч бид зөв бодлого шийдвэр гаргаж ажилласнаар хожим дахин одон авах замыг нээж өгөх боломжтой.

- Та ажлаа юунаас эхэлж байна вэ?

- Ажлаа 7 сарын 18-нд хүлээн авсан. Эхний ээлжинд бүх албан байгууллагаар орж, ажил үйлчилгээтэй нь танилцан ажилтан, албан хаагчидтай уулзаж, санаа бодлыг нь сонсох зорилготой байсан ч ид амралтын үе учраас ихэнх хүмүүс амарчихсан байна. Өвөрхангай аймагт ямар салбарыг тэргүүлэх чиглэл болгон ажиллаж, түлхүү хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг тодорхойлох нь чухал юм. Тиймээс аймгийн Засаг даргын үл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. 9 сард багтаан хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулна. Гол нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг харж, түүнтэй уялдуулж гаргах шаардлага байна.

Ажил авснаас хойш газар тариалангийн бүс нутгаар ажиллаж, ургацын байдалтай танилцлаа. Энэ жил Өвөрхангай аймагт 10 орчим мянган га талбайд үр тариа, тосны ургамал тариалсан. Үр тарианы хувьд 1 га-аас 11,5 центр хурааж авах урьдчилсан баланс гарсан байгаа. Ургац хураахаас өмнө мөндөр, цочир хүйтрэлт, цас дарах гээд олон бэрхшээл учирдаг. Тэр бүхнийг тооцож байж энэ балансыг гаргасан учраас бодит дүнд дөхөх болов уу.

Мал аж ахуй, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах чиглэлээр ажлын хэсгийг байгуулж үүрэг даалгавар өглөө. Аймгийн хэмжээнд 2015 онд 4,5 мал тоолуулсан. Энэ зун 1,6 сая төл хүлээж авснаар 6 сая гаруй мал зуслаа. Өнгөрсөн жилүүдийн жишгээс харахад малчид жилдээ 1 сая орчим малыг хүнсэндээ хэрэглэж, зах зээлд борлуулдаг. Энэ намар ч энэ жишгээр байж, 5 сая гаруй мал өвөлжинө гэсэн урьдчилсан дүнтэй байна. Аймгийн нутаг дэвсгэр 2 сая гаруй толгой малын бэлчээрийн даацтай. Тэгэхээр бэлчээрийн даац хоёр дахин хэтрэнэ гэсэн үг. Түүнчлэн цаг агаарын байдал хүйтэн, цас ихтэй байх магадлалтай учраас хадлан өвс тэжээлийг хангалттай бэлдүүлэх, отор нүүдлийн бүс нутгийг тогтоох шаардлагатай байгаа юм. Аймгийн газар нутгийн 95 орчим хувь нь зуншлага сайн, газрын гарц хангалттай гарсан. Одоогоор малчид хувийн өвс тэжээлээ бэлтгэхээр хадландаа гараад байна.

Сумдын эрчим хүч, дулаан үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийг болон сургууль, цэцэрлэгүүдийг засвар үйлчилгээгээ эрчимжүүлэн дуусгах үүрэг чиглэл өглөө. Өвөрхангай аймгийг нүүрсээр хангадаг Баянтээг ХК-ийн хувьд хөрс хуулалтыг томоохон талбайд хийж байгаа учраас нүүрсний нийлүүлэлт, чанарын асуудал энэ жил хангалттай байна. Цаг үеийн ажил энэ байдлаар үргэлжилж байна даа.

- Энэ жил Өвөрхангай аймагт бүтээн байгуулалтын ажил хэр өрнөсөн бэ?

- Өнгөрсөн жилээс эхлэн бүтээн байгуулалтын ажлыг шинээр өрнүүлэх боломж багассан. Он дамжсан дутуу барилгуудыг гүйцээх чиглэлтэй ажиллаж байгаа.

Энэ жил Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн хамгийн том бүтээн байгуулалт гэвэл төвлөрсөн өрхийн эмнэлэг гурвыг барьж, түрүүч нь ашиглалтанд орлоо. Арвайхээрийн өрхийн эмнэлэгүүдийн үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, анхан шатны оношилгоо шинжилгээг хийчихдэг байвал БОЭТ-ийн ачаалал багасна. БОЭТ-ийн ачаалал багасвал хөдөөнөөс ирж байгаа иргэдийн хувьд чирэгдэл багасч, эрүүл мэндийн салбарт өгч буй үнэлэмж дээшилнэ гэж үзэж байгаа. Ер нь эрүүл мэндийн салбарт түлхүү анхаарч, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдээс ирүүлж буй гомдол шүүмжлэлийг барагдуулахад тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн энэ жил Өвөрхангай аймагт 3 цэцэрлэг шинээр баригдаж, 2 сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийг барьж, сургууль, цэцэрлэгийн 7-8 барилгад их засварын ажил хийгдэж байна.Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаа учраас засварын ажлыг яаравчлах, цэцэрлэгийн шинэ барилгуудыг ашиглалтанд оруулах үүрэг өгсөн. Жил бүрийн намар эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж хонон өнжин дугаарлаж ихээхэн бэрхшээлтэй тулгардаг байсан бол энэ жилээс ачаалал харьцангүй багасна. Хүүхдүүдийг цэцэрлэгт харъяаллынх нь дагуу аль болох чирэгдэл гаргалгүйгээр хамруулах шаардлага тавьж байгаа.

Авто замын салбарт тодорхой хөрөнгө оруулалт хийгдэж, орон нутагт хоёр гурван жижиг зам тавигдаж байна. Улсын чанартай авто зам гэвэл Хархорины чиглэлд 77 км зам тавигдаж байгаагаас 10 гаруй км дутуу үлдсэн.

Арвайхээр суманд Мэргэд цогцолбор сургуулийн 928 суудалтай хичээлийн байр, Хархорины Спорт цогцолбор, Уянга сумын Соёлын төвийн барилга удаашралтай байгаа. Эдгээр барилгуудыг дуусгахын тулд дутуу төсөв хөрөнгийг ирэх жилийн төсөвт тусгуулах талаар УИХ-ын гишүүдэд хандаад байна.

- Улс орны хэмжээнд төсөв хөрөнгө хүндрэлтэй байна. Манай аймгийн хувьд хүндрэл, бэрхшээл хэр гарч байна вэ?

- Аймгийн хувьд орон нутгийн төсвийн орлого харьцангүй гайгүй байдаг. Харин улсын төсвийн тодотгол хийх гэж байгаатай холбогдуулаад Сангийн яам цалингаас өөр мөнгө тавихгүй байна. Тиймээс хөрөнгө оруулалтын санхүүжилт ч олгогдохгүй байгаа. Сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн 7, 8 сарын санхүүжилтыг өгөөгүй.

Боловсролын салбарт 2014 оноос үүссэн 700 сая төгрөгийн өр одоогоороо шийдэгдээгүй байна. Энэ өр нь тогтмол зардал буюу түлш, халаалтын зардал учраас дулаан үйлдвэрлэж, хангадаг аж ахуйн нэгжүүдийн хувьд өр, авлага үүсээд хүндрэлтэй байгаа. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой өр үүсч байна. Бусад чиглэлд харьцангүй гайгүй байгаа.

Цаашдаа бидний барьж байгаа зорилго бол эдийн засгийн хувьд бие даах явдал юм. Өвөрхангай аймаг улсын төсвөөс татаас авдаг цөөхөн аймгуудын нэг. Энэ байдлыг арилгахын төлөө орон нутгийн нөөц бололцоог ашиглан ажиллана.

- Та аймгийн ИТХ-ын даргаар 4 жил ажилласан. Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын гишүүнээр сонгогдож, төр засгийн болон аймгийн ИТХ-ын хэмжээнд МАН эрх барьж байна. Ийм тохироо бүрдсэн нөхцөлд Өвөрхангай аймаг хөгжлийн хувьд урагшаа томоохон алхам хийх боломжтой юу?

- Миний хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, даргаар 12 жил ажилласан, өмнө нь ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга байсан гээд төрийн ажилд туршлага бий. Гэвч бидэнд дээрээс дэмжлэг их чухал.

Д.Тогтохсүрэн дарга аймгийн удирдлагаар олон жил ажилласан хүний хувьд ажлаа сайн мэднэ. Бид дөрвөн жил хамтарч ажилласан учраас хувь хүнийхээ тал дээр ч илүү ойлголцож чадна. УИХ-д сонгогдсон бусад гишүүд ч орон нутагтаа ойрхон ажиллаж байсан, тэдэнтэй ямар нэг зөрчил байхгүй. МАН аль ч түвшинд эрх барьж байна. Тийм учраас бидэнд бодлогын зөрүү гарахгүй, төр засгийн ажилд гацаа үүсэхгүй гэж бодож байгаа. Улс орны эдийн засгийн хямрал гайгүй байвал Өвөрхангай аймаг хөгжих түүхэн цаг хугацаа л гэж үзэж байна.

Гэвч намайг ИТХ-ын даргаар ажиллаж байх үед манай улс эдийн засгийн огцом өсөлттэй, бүтээн байгуулалт ч хурдацтай байсан. Харин одоо бол Өвөрхангай аймагт, ялангуяа Арвайхээр суманд тэр жилүүд шиг бүтээн байгуулалт өрнөхгүй. Яагаад гэвэл жижиг зах зээл хурдан ханадаг. Жишээлбэл Өвөрхангай аймагт орон сууцанд орох хүсэлтэй байгаа 1000 гаруй өрх бий гэсэн судалгаанд үндэслэн хувийн хэвшлүүд тэр хэрэгцээг ханатал орон сууц барьчихсан. Цаашид орон сууц барих эрэлт хэрэгцээ бараг байхгүй гэсэн үг. Магадгүй энэ нь хурдацтай хөгжил зогсчихсон юм шиг харагдаж болох юм

Тийм болохоор орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг зөв хуваарилж, иргэдийн ая тухтай байдлыг хангасан ажилд түлхүү анхаарна. Хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох ёстой. Жил бүр л баахан шавар шохойны ажил хийдэг. Гэтэл бодит байдал дээр байгууллагынхаа нэг булангийн шавар нурахад тал талаас нь зургийг нь аваад бөөн мөнгө нэхэж нааш нь явуулчихдаг. Эндээс очиж үзээгүй хүмүүс “болохоо байж” гээд л хөрөнгийг нь шийдвэрлээд өгдөг. Энэ байдлыг зогсоохын тулд би сургууль, цэцэрлэгээр явж, өөрийн нүдээр үзэж хийх шаардлагатай ажлыг эрэмбэлэх гээд байгаа юм. Бага зэргийн засвар үйлчилгээг байгууллагын нөөц бололцоогоо ашиглан хийх үүрэг өгнө. Тэр жижиг сажиг юманд зардаг мөнгөө нийлүүлж байж ядаж Арвайхээртээ гэр бүлээрээ очоод амарчихдаг, тэр үедээ аюулгүй, зориулалтын орчинд унадаг дугуйгаа жийчихдэг, буцахдаа тэнд нь хадгалуулчихдаг амралтын хүрээлэн бүрдүүлэх юмсан гэж бодож байна.

Нөгөө талаас Арвайхээрийнхэний хамгийн их бухимдлыг төрүүлж байгаа хогны асуудлыг шийднэ. Хойд талын хогийн цэгийг бүрэн дарж, ландфилл хийснээр хойноос орж ирэх хог, утаа униарыг дарах ёстой. Мөн Дулааны станцыг барьж байж агаарын бохирдлоос гарах учраас нэн тэргүүний асуудал болгож хөөцөлдөнө.

- Өнгөрсөн жилүүдэд иргэдийн оролцоо гэж нэлээн ярьсан. Та иргэдийн оролцоог хэр хангаж ажиллах вэ? Төрийн бодлого, шийдвэрт иргэдийг хэт оролцуулах нь зөв үү?

- Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд иргэд оролцохоороо асуудал “жижгэрэх” гээд байдаг. Иргэд зөвхөн өөрийнхөө гудамжинд, өөрийнхөө багт ашигтай асуудлыг хөнддөг. Нөгөө сум, багт тулгамдаад байгаа зүйлийг олж хардаггүй. Тиймээс бид иргэдийг оролцуулах юмандаа оролцуулна. Оролцуулахгүй зүйл байж болохыг бас үгүйсгэхгүй.

- Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news