ӨВӨРХАНГАЙ: Арвайхээрийн зарим сургууль, цэцэрлэг түрээсийн байранд үйл ажиллагаа явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-08-31 17:40:14

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга А.Ишдорж Арвайхээр сум дахь сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажилтай газар дээр нь танилцлаа.

Сүүлийн арваад жилд боловсролын салбарын хөрөнгө оруулалт харьцангүй сайн байсны үр дүнд сургуулиудын ачаалал багасч, 3 ээлжээр хичээллэхийг таслан зогсоосон. Энэ жилийн хувьд Арвайхээр сумын зарим сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр барьж байгаатай холбогдуулан сургалтын үйл ажиллагааг түрээсийн байранд шилжүүлж байгаа юм.

Улсын тэргүүний Нэгдүгээр сургуульд 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажлыг өнгөрөгч хавар эхлүүлсэн бөгөөд одоогоор 30 гаруй хувьтай барьж байна. Уг ажлыг ирэх оны 8 дугаар сард бүрэн дуусгаж ашиглалтад оруулах юм. Үүнтэй холбоотойгоор Нэгдүгээр сургуулийн 2-5 дугаар ангийн 27 бүлгийг Хоёрдугаар сургуулийн өргөтгөлийн барилгад хичээллүүлэхээр засвар үйлчилгээг хийгээд байна.

Мөн Нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг шинээр барьж байгаатай холбогдуулан тус цэцэрлэгийн таван бүлгийн 147 хүүхэд 2022-2023 оны хичээлийн жилд хуучнаар "Оюуны-Ундраа" бага сургуулийн байранд суралцана.

Түүнчлэн 11 дүгээр тусгай цэцэрлэгийн барилга мөөгөнцөртөж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул хувийн хэвшлийн байранд шилжин ороод байна. Дөрөвдүгээр сургуулийн 120 хүүхдийн суудалтай, урлаг, номын сан бүхий өргөтгөлийг ирэх сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга эдгээр барилгын засвар, бэлэн байдалтай биечлэн танилцаж, сургалтын үйл ажиллагаа явуулахад шаардлага хангаж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаас лавлаж тодрууллаа. 

Related news