ХБНГУ-ын “СиБиЭм” компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-30 08:50:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ХБНГУ-ын СиБиЭм компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Монгол, Германы уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, ялангуяа хамтарсан судалгаа хийх, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль (GMIT) болон Германы Аахен хотын их сургууль хооронд хамтын ажиллагаа тогтоох, хөгжүүлэх тухай санал солилцлоо.


СиБиЭм компанийн гүйцэтгэх захирал Матиас Бауэр, “Компани нь ХБНГУ-ын Эдийн засаг, хөгжлийн яамны дэмжлэгээр BGR төсөл, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуультай хамтран Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын даланг ашиглах, хэрхэн орд газар болгох талаар судалгааны төслийг хэрэгжүүлж байгаа”-г дурдсан юм.


УУХҮ-ийн сайд Г.Ёндон Монгол Улсын Засгийн газраас уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр баримталж буй бодлогыг танилцуулаад, Манай улс геологийн нөөц бололцоо арвин, цаашид энэ чиглэлээр судалгаа хийх, критикал минералын найдвартай ханган нийлүүлэгч болох бололцоотой”-г тэмдэглэв. Тэрбээр, Герман улстай өндөр технологийн түүхий эд, ашигт малтмалын ордуудын судалгаа хийх, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд, УУХҮЯ салбарын гол хуулиудыг цаг үетэй нийцүүлэн шинэчлэх, шинээр боловсруулж эхлээд байгаа, тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулсныг дурдлаа.


Уулзалтад УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, АМГТГ-ын Уул уурхай, судалгааны хэлтсийн дарга С.Энхболд, ШУТИС-ийн профессор С.Жаргалан, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн профессор М.Баянмөнх, геологич Ч.Энх-Амгалан, Германы СиБиЭм компанийн орлогч захирал Кристоф Филмэттер, инженер Б.Эрдэнэбаатар, Аргуплан компанийн гүйцэтгэх захирал Ёорг Фүгман, Констанцийн их сургуулийн профессор Штэфан Мэкинг, уул уурхайн инженер Рудолф Зүпэсс оролцжээ. 

Related news