Их Британи “омикрон”-ы вакцинд зөвшөөрөл олгосон анхны орон боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-08-16 09:10:47

ЛОНДОН. /CNN/. Их Британи “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцины шинэчилсэн хувилбарт зөвшөөрөл олгосон анхны орон боллоо. Энэхүү вакциныг коронавирусний “омикрон” хувилбар болон 2020 оноос тархаж эхэлсэн анхны вирусний аль алинаас хамгаалах зориулалттайгаар гарган авчээ.


Moderna” компанид гарган авсан “COVID-19”-ийн вакцины шинэчилсэн хувилбар Их Британийн Эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын газрын /MHRA/ аюулгүй байдал, чанар, үр дүнгийн стандартад нийцсэн тул насанд хүрэгчдэд нэмэлт тунгийн журмаар хэрэглэхийг зөвшөөрч байна гэж тус улсын Засгийн газраас даваа гарагт гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ.


Moderna”-гийн мэдээлснээр, эмнэлзүйн туршилтаар уг вакцин “омикрон” хувилбарын эсрэг дархлааны хүчтэй урвал үзүүлж байгааг тогтоосон байна. Үүний зэрэгцээ “омикрон”-ы “BA.4”, болон “BA.5” дэд хувилбаруудын эсрэг үйлчилж байгаа нь харагджээ.


Эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын газрын тодорхойлсноор, вакцины сөрөг нөлөө нь “Moderna”-гийн вакцины нэмэлт тунгийнхтай ойролцоо буюу “ерөнхийдөө хөнгөн, аяндаа хэвийн болдог” байна. Мөн аюулгүй байдалтай нь холбоотой ноцтой асуудал байхгүй гэж Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.


COVID-19” хувьсан өөрчлөгдсөөр байгаа тул “Moderna”-гийн нэмэлт тун олон нийтийн эрүүл мэндийг үргэлжлүүлэн хамгаалахад хувь нэмрээ оруулна гэж Эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын газрын дарга, доктор Жун Рейн хэлсэн байна.


Тэрбээр үргэлжлүүлэн, “Их Британид хэрэглэж буй “COVID-19”-ийн вакцинуудын эхний үе нь өвчний эсрэг чухал хамгаалалт болж, хүмүүсийн амь насыг аварч байна. Энэхүү вакцины хувьд вирус хувьсан өөрчлөгдсөөр байгаа энэ үед иргэдийг өвчнөөс хамгаалахад туслах чухал хэрэгсэл болж байна” гэлээ.


Одоогоор уг нэмэлт тунд ямар бүлгийн хүмүүсийг, хэзээнээс хамруулж эхлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд Их Британийн Вакцин, дархлаажуулалтын асуудал хариуцсан хороо холбогдох зөвлөмжийг гаргана.


Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансель Их Британи анхны зөвшөөрлийг олгосонд баяртай байгаагаа “Twitter” хуудсаараа дамжуулан илэрхийлээд, өвлийн сарууд айсуй энэ үед вакцин Их Британийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолжээ.


Moderna” нь “COVID-19”-ийн вакцинаа шинэчилж буй цорын ганц компани биш юм. Тодруулбал, зургаадугаар сард “Pfizer”, BioNTech” компани “омикрон” хувилбарт зориулсан хоёр вакцинаа туршсан бөгөөд урьдчилсан дүнгээр одоогийн вакцинуудаас илүү өндөр хариу урвал үзүүлж байгаа нь ажиглагдсан байна. 

Related news