СЭЛЭНГЭ: А.Энх-Амар, А.Энх-Амгалан:Хүн өөрсдөө л хичээх хэрэгтэй

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-30 11:35:42

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Төрсөн нутгаа хөгжүүлэх, өнгө зүсийг нь сайжруулах, бүтээн байгуулах их үйлсэд гар бие оролцож буй хоёр хүүг сонирхон хөөрөлдлөө. Тэд Мандал сум дахь "Зүүнхараа ачааны вагон засвар буюу ДЕПО"-ийн хашааг өнгө будгийн хослолоор зурж чимэглэн хотынхоо үзэмжинд өнгө нэмжээ. Ихэр заяанд төрсөн 2 хүүг А.Энх-Амар, А.Энх-Амгалан гэдэг. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБС-ийн Т.Баасанжаргал багштай 9а ангид сурдаг аж.

Ихэр залуус маань бүр цэцэрлэгт байхаасаа л зураг зурах сонирхолтой байж. Зурах авьяасыг ээж, эгч, ахаасаа өвөлсөн гэнэ. Ах нь 12-р ангид сурдаг бөгөөд зураг зурах, хөгжим тоглох, дуу дуулах гээд авьяас билэг төгөлдөр хүү юм. Дүү нартаа өөрийн сурсан мэдсэн бүхнээ зааж сурган, зөв зүгт хөтлөж, авьяасыг нь хөгжүүлэн чиглүүлж яваа аж. Эднийх ам бүл 6-уулаа. Аав, ээж, ах, эгч нарын хамтаар амьдардаг. А.Энх-Амгалан, А.Энх-Амар хоёр ихэвчлэн хүүхэлдэйн баатруудын анимейшн зургийг зурдаг байна. Мөн байгалийн болон хөрөг зургийг сонирхон зурдаг байна. Ажилч, хичээнгүй, хөдөлмөрч, сурлага, урлаг, спортоор тэргүүлж, сургуульдаа манлайлагч болж яваа ахынхаа бүхий л сайн талыг дууриан суралцаж, зурахын зэрэгцээ төгөлдөр хуур, гитар хөгжмийг тоглож сурчээ. Хүүхдүүдийнхээ төлөө, тэдний авьяас билгийг хөгжүүлэхийн төлөө ээж нь ард талд нь бат зогсож, тусалж дэмжиж, санхүүгийн найдвартай түнш байсаар иржээ.  

Ихрүүдийн зурах сонирхол нэг ч ирээдүйд эзэмших мэргэжил нь өөр өөр зүгт тэмүүлнэ. Нэг нь инженер болох мөрөөдөлтэй байхад нөгөөх нь компьютер графикч болох сонирхолтой гэв.

Ангийн 39 найзууд нь, ангийн багш Т.Баасанжаргал, аав, ах, ээж нар нь хоёр ихрийг маш их дэмждэг аж. Тэд хашаан дээр сурсан зургаа өөрсдөө сонгож зурсан байна. Хавар хичээл тарахын өмнөхөн хоёр зураач маань ээжийнхээ саналаар, ангийн багш, сургуулийнхаа удирдлагуудын дэмжлэгээр бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргажээ. Энэхүү үзэсгэлэнг нь ангийн багш нь маш их дэмжиж цахим орчинд тавьж, нийтэд үзүүлсэнээр ихэр сурагчдын авьяас олонд ил болсон байна. А.Энх-Амар, А.Энх-Амгалан хоёр ярихдаа “Вагон депогийн ах эгч нар бид 2-ын зургийн үзэсгэлэнг харсан юм билээ. Тэгээд бидэнд санал тавьсан. Ангийн багш маань бид хоёрын үзэсгэлэнг цахим группэд тавьсан байсныг харсан гэсэн. Бид 2 хашааны зургаа нэг л өдөр зурсан. Их тэвчээр, хүч хөдөлмөр шаарддаг юм билээ. Тэр байгууллагын хүмүүс бас тусалсан” гэж ярив.

Тэдний хамгийн их хүч хөдөлмөр зарцуулж зурсан зураг бол А3-ын цаасан дээр зурсан хөрөг зураг гэнэ. Хорио цээрийн дэглэмтэй байх үед маш их зураг зурж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байсан учраас үзэсгэлэнгээ гаргажээ. Зураг зурахын хажуугаар гэрийнхээ ажилд тусалж, ногоо тарьдаг гэлээ.

Тэд ярихдаа хүн ер нь өөрийн сонирхсон зүйлээ л хийх хэрэгтэй. Бид 2 олны танил хүмүүсийн зурах дуртай. Ангийн найз нар минь бидэнд тусалдагт маш их баярлалаа. Ангийн хамт олондоо их баярлаж явдаг. Хүн өөрсдөө л их хичээх хэрэгтэй хэмээн ярьсан юм.

Т.Баасанжаргал:Бүтээдэг, байгуулдаг, юм юм чаддаг, ноён нуруутай эрчүүд байгаасай гэж боддог

Ихрүүдийн маань ангийн багш Т.Баасанжаргал ангийн хөвгүүдээ “Бүтээдэг, байгуулдаг, юм юм чаддаг, ноён нуруутай эрчүүд байгаасай гэж боддог хэмээн ярьсан. Тэрээр авьяаслаг хоёр хүүгээ ихэд дэмждэг бөгөөд тэдний талаар:”Ах нь 12-р ангид сурдаг А.Билгүүдээ гэж хүү бий. Маш их гоё зурдаг, хөгжим тоглоно, их мундаг. Манай сургуулийн шилдэг хүүхэд. Дүү нартаа маш их үлгэр жишээ болж яваа. Сургуульдаа толгой цохисон, оюунлаг хүү байдаг. Эдний гэр бүл их оюунлаг. Сая сургуулийн урлагийн үзлэгээр манай хоёрын нэг нь хөгжим тоглоод, нөгөө нь дуу дуулаад цахилгаан хөгжмийн хамтлагт тоглосон. Сурлагаар бас тэргүүний хүүхдүүд. Миний хувьд ангийнхаа хүүхдүүдийг урлаг, спортоор жигд хөгжүүлэхийг зорьдог. Манай анги цахилгаан болоод үндэсний хөгжмийн хамтлагтай. 2 морин хуур, 3 ятга, 2 шанз, 1 ёочинтой. Бид сургуулийнхаа урлагийн үзлэгээр “Шилдэг үзүүлбэр” авсан. Ер нь хүүхдүүдээ тэгш хөгжүүлэхийг л зорьдог. Манай ангийн өөр бас 2 хүүхэд зургийн дугуйланд явдаг. Гар бөмбөгийн дугуйланд хүүхдүүд маань суралцдаг. Ангийнхан маань аймаг, бүсийн уралдаанд оролцсон. Энэ хоёрын маань волейбол, сагс тоглодог. Сая 2-лаа мөнгөн медаль авсан. Манай анги сургуулийнхаа шилдэг анги болсон. Хүүхдүүд юм юм чаддаг байх ёстой. Ажил ч хийж чаддаг, авьяастай ч байх ёстой. Манай ангийн хүүхдүүд их хөдөлмөрч. Энэ анги миний 4 дэх анги. Би ангийнхнаа ажилд их авч явдаг. Өнгөрсөн жилүүдэд короногоос шалтгаалаад бид ажилд явж чадаагүй. Гэхдээ байгаль орчинд хог түүх гээд бага сага ажил хийсэн. Ангиараа ногоо хураах, зэрлэг түүх зэрэг ажилд оролцдог. Хавар бид аав ээжийнхээ дэмжлэгтэйгээр мөрөөдлийн зусланд бүгдээрээ явсан. Нэг өдрийг сайхан өнгөрүүлээд ирсэн. Өмнө нь хүүхдүүд өөрсдийнхөө хүчээр явдаг байсан. Энэ удаа эцэг эхийнхээ дэмжлэгтэйгэр явсан. Хүүхдүүд сурлага, урлаг, спорт, ажил гээд бүх л төрөлдөө жигд хөгжвөл сайн. Ирэх жил бид ангиараа найрамдал зусланд явах зорилго тавьсан байгаа. Бид ажил хийж олсон мөнгөөрөө явна гэж төлөвлөсөн. Энэ бол манай хараа нутгийн ч онцлог юм. Манай ангийн ч онцлог юм. Манай хүүхдүүд аль аль талаараа өөрсдийгөө хөгжүүлсэн цог золбоотой хүүхдүүд байдаг. Манай хөвгүүд ер нь түрүүлж юманд дуугардаггүй. Сонсож байж, бодож байж дуугардаг ухаантай хүүхдүүд байдаг. Манай 2 ихэр их дуугуй талдаа. Ах нь ч гэсэн их жинтэй дуугардаг хүүхэд байдаг. Миний хувьд анги удирдсан багшийн зүгээс хүүхдүүдээ ирээдүйд хэрэгтэй инженерүүд болоосой гэж хүсдэг. Одоо эмч, хуульч гэхээсаэ илүүтэй ирээдүйд улс орноо хөгжүүлэх инженерүүд их хэрэгтэй байна гэж хардаг” хэмээн ярьсан юм. Баасанжаргал багш улсад 20 жил ажиллаж байгаа математикийн багш хүн. Уг мэргэжил нь Эдийн засагч бөгөөд дуртай учраас багш мэргэжилийг сонгожээ. Мөн тэрээр би хүүхдүүддээ маш их хайртай. Загнуулж авчаад юу ч бодсон шинжгүй сайхан амраарай багшаа гээд инээгээд гардаг. Хүүхдүүд чинь их хөөрхөн ш дээ гэсэн юм.

А.Чулуундулам: Хэдийгээр хөгжим үнэтэй санагдаж байсан ч ногооныхоо анхны орлогыг хүүхдээ хөгжүүлэх зүйлд зориулсандаа их баярлаж байлаа

Хүүхдүүдээ сайн сайхан явахад баярлаж, тэднийхээ төлөө юугаа ч үл умартан зорьдог хүн бол ээж. Ихэр залуусын ээж Алтансүхийн Чулуундулам. Хөдөлмөрч, жижигхэн биендээ багтамгүй ажилсаг, зорилготой бүсгүй байв. Амьдралын төөрөг тавилангаар эмч болох хүслээсээ хазайж, сувилагч болсон гэнэ. Тэрээр эрүүл мэндийн байгууллагад сувилагч мэргэжлээрээ 32 жил ажиллаж байгаа, алдарт ээж. Том охин нь Япон улсад сургуулиа дүүргэсэн. Дараагийн хүү 12-р анги төгссөн. Хамгийн бага нь 2 ихэр. Тэрээр багадаа дуучид, олны танил хүмүүсийн зургийг хараад зурдаг байжээ. Түүнийгээ хөвгүүддээ, ангийнхандаа үзүүлдэг байж. Тэр үед будгийн харандаагаар зурдаг, сүүлдээ панер дээр зураад түүнийгээ түлж гоё болгодог байсан гэлээ. Хүүхдүүд нь цөм зурах дуртай гэнэ. Тэрээр цэцэрлэгийн н.Нина багшаар манай хүүхдүүд дамжиж хүмүүжсэн. Хүүхдийг бүх талаар нь хөгжүүлдэг, их сайн мундаг багш байдаг. Би хүүхдүүдээ Нина багшид өгөх дуртай байсан. Хүүхдийг их зөв хөгжүүлж өгдөг. Ийм орчинд хүүхэд сурах, их сонирхолтой болдог. Том хүү маань цэцэрлэгт байхаасаа л зурсан. Сүүлдээ ээжээ би хөгжим тоглож сурая гээд дэлгүүрт ороод жижиг хөгжим хараад очоод тоншоод байдаг байсан. Тэгээд би хүүдээ хөгжим авч өгөх юмсан гэж бодож явсаар, ногоо  тарьж олсон мөнгөөрөө хүүдээ 700 мянган төгрөгөөр ямаха хөгжим авч өгч байсан. Тэр үед цалин 400-500 мянган төгрөг л байсан үе. Хэдийгээр хөгжим үнэтэй санагдаж байсан ч ногооныхоо анхны орлогыг хүүхдээ хөгжүүлэх зүйлд зориулсандаа их баярлаж байлаа.  Би багш авч өгч чадахгүй байсан. Хүүхдүүд минь өөрсдөө бие даан интернэтээс нотоо харж сурсан. Ээж нь багш хөлсөлж өгөх үү гэхээр, ээжээ бас л мөнгө зарах болно хэрэггүй бид өөрсдөө сурчихна гээд өөрсдөө сурсан. Сонирхсон бүхий л зүйл дээр хүүхдүүдээ дэмжихийг хичээдэг. Манай 2 ихэр цагаан цаас маш их үрсэн. Түүн дээр нь харамгүй л авч өгч дэмжсэн. Цаас үрлээ гэж нэг ч хэлж байгаагүй. Ноороглоод л хаячихсан байдаг. Ковидын үед гэртээ зураг маш их зурсан. Гэрийн ажил орхичихдог. Зарим үед ээждээ туслахгүй байна гэхээр хуваарь гаргачихсан байдаг байлаа. Агаа нь интернэтээр ороод зургийн уралдаанд оролцох саналыг 2 дүүдээ тавиад зургаа явуулаад бүртгүүлсэн байсан. Би ажил гэж явсаар мэдээгүй. Сүүлд нь ээжээ миний зураг уралдаанд шалгарсан байна гэж Энх-Амгалан хэлсэн. Тэгээд хотоос зургийг нь явуулаач гэж ярьсан. Тэнд тусгай байр эзэлсэн байсан. Дараа нь дахиад уралдаанд орсон. Тэр нь эрэгтэй эмэгтэй аними зураг, хүүхэлдэйн киноны дуртай сэдвээр нь зураг авсан. Түүнд ороод тэргүүн байр эзэлсэн. Тэрнээс харж байгаад л би хүүхдүүдийнхээ зурсан зургийг хүүхдүүд найзуудад нь харуулж, нээлтэй болгоё гэж бодоод үзэсгэлэн гаргаж үзье гэж шийдсэн. Тэгээд сургуулийн менежертэй нь уулзаад ярилцсан. Бас манай хоёр хүүхэд хөгжим тоглодог. Ядарсан үедээ хүүхдүүдээрээ хөгжим тоглуулаад сонсож, ядаргаагаа тайлдаг. Бас л хүүхэлдэйн баатруудын ая тоглодог. Заримдаа сонсоод унтдаг. Энэ жил зургийн чиглэлээр хотод дугуйланд хамруулая гэж бодож байгаа. Юмыг харах биш, төсөөлөн бодох чадварыг нь хөгжүүлье. Мөн дан харандаагаар биш, усан будаг өөр юу байдаг юм тэр бүгдээр нь зурдаг болгон хөгжүүлэхийг зорьж байна хэмээн ээж А.Чулуундулам ярьж байв.

Миний хань хүүхдүүддээ дэм болж, харцаараа ухаан хайрласан хүн байдаг 

-Ер нь ихэр хүүхдүүдийн ааш араншингийн талаар та сонирхуулахыг ээж А.Чулуундуламаас хүссэн юм?

-5 сарын 1-ний өдөр ихрүүдийн баяр болохоор би ихрүүдийг их ажигладаг. Харж байхад ер нь хоорондоо өөр араншинтай байдаг. Эсрэг тэсрэг. Нэг нь хөнгөн шингэн хөдөлгөөнтэй байхад нөгөөх нь аядуу тайван. Бас нэг нь хөгжилтэй яриа, сэргэлэн хөдөлгөөнтэй байхад нөгөөх нь дуугуй, намуун байх жишээтэй. Ихрүүд хоорондоо нэгийгээ их дагаж дууриах шинжтэй байдаг. Манай 2 ч адил ижил араншинтай биш. Хийж байгаа байдал нь яг л ижил юм хийгээд байдаг. Гэвч заавал ялгардаг. Би 2 хүүгээ зураач болгоё гэсэн чинь агаа нь хэрэггүй гээд хэлчихсэн юм шиг байгаан /инээв/. Зорьсон зүйлээсээ гадна дагалдах авьяас байх хэрэгтэй юм шиг санагддаг. Ер нь эцэг эхчүүдэд хэлэхэд хүүхдүүдийнхээ хийж бүтээж байгаа юманд жаахан ч гэсэн анхаарал тавиад, ямар их цаас үрчихвээ, хог хийлээ гэж битгий хэлж байгаарай. Ямар нэгэн том дэмжлэг байдаггүй юмаа гэхэд хэрэглээнийх нь цаас, харандааг нь аваад өгөхөд л тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж би боддог.

Миний хувьд ажлын хажуугаар ногоо тарьдаг. Ээлжийн ажилтай. Гол төлөв байцаа тарина. Олсон мөнгөө хүүхдүүддээ л зориулна. Манай Зүүнхараагийнхан маш их ногоо тарьдаг. Хөдөлмөрч хүмүүс.

-Сувилагч амаргүй мэргэжил. Та ажлаараа бахархвал?

-Ер нь эмч болох сонирхолтой байсан. Гэхдээ сувилагч болсон. Тухайн үед 4 дүүтэй, айлын дунд охин амьдралын шаардлагаар эмч болж чадаагүй. Сургуулиа төгсөж ирээд хагалгааны сувилагч болж байлаа. Түүнээс хойш 32 жил болжээ. Энэ хугацаанд дүн бүртгэгч бага эмч, 03-ын сувилагч, хагалгааны мэдээгүйжүүлэлтийн сувилагч хийж байна. Сувилагч бол сэтгэлийн дэм өгөх үүднээс их л тэвчээр шаардсан мэргэжил. Хөнгөн ч бай. Хүнд ч бай эмчийн заалтаар гардан үйлчлэх хүн бол сувилагч. Өглөө ажилд  ирэхээр өмнөөс өвчтөн маань инээгээд угтах шиг том аз жаргал байдаггүй. Ажилд очих үед санаа зовоостой үе их байдаг. Хүнд хүн үлдээд явсан үед инээгээд сууж байгаасай, гайгүй болчихсон байгаасай гэж бодоод ордог. Гэрийн эзэгтэй, эмэгтэй хүн амьдралын хамгийн том зохицуулагч юм даа. Би төлөвлөж ажлаа хийдэг. Бас  их мөрөөдөл байгаасай гэж боддог. Мөрөөдөлтэй байхад бүх юм бүтнэ дээ. Ямарч их ажил байсан төлөвлөсөн байхад ард нь гардаг л юм. Их ядарсан үедээ хоёр хүүгээрээ хөгжим тоглуулаад амардаг.

Аав нь мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаад цомхтголоор гараад хувийн ажил хийж эхэлсэн. Хөдөлмөрийн шалтгаанаар хүнд хагалгаанд ороод хөнгөн ажлын группт байдаг. Бас их дуугуй хүн. Хүүхдүүддээ дэм болж, харцаараа ухаан хайрласан хүн байдаг даа.

Тиймээ зорилготой хүнийг амжилт угтдаг. Мөрөөдөлтэй байхад зорьсон бүхэн биелнэ. Гэр бүлийн суурь хүмүүжил хүүхдэд ямар их нөлөөтэй хийгээд, хүүхдүүдээ дэмждэг эцэг, эхийн нэгээхэн төлөөлөл болсон ажилсаг, хөдөлмөрч гэр бүлийн талаар товч өгүүллээ. Хариу нэхдэггүй ач, зүрх сэтгэлээ зориулсан тэдний хайрын зүтгэл амжилт болон хариулагдах буй за. Ихрүүдийн ирээдүй өөдөө байг ээ.  



Related news