БУЛГАН: Сэлэнгэ мөрний эргээр аялагчдад усны аюул, ослоос сэргийлэх зөвлөмж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-07-06 08:00:24

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид энэ жил хур бороо элбэгтэй, усны түвшин нэмүү байгаа үед иргэдийг үер, усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хялганат тосгон дахь гал түймэр унтраах аврах 50-р ангийн алба хаагчид Сэлэнгэ мөрний дагуу аялал зугаалгаар явж буй 41 автомашинтай, 158 том хүн, 99 хүүхдэд үер аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмж өгчээ.

Иргэдийг мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг биелүүлж, хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, баталгаатай зам гүүр гармаар гарах, цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ тогтмол сонсож, аюулгүй байдлаа хангахыг Булган аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Энэ он гарсаар усны ослын дуудлага хоёр удаа ирж, дөрвөн хүний амь эрсдэн, эрлийн ажиллагаа явуулж, нэг иргэний цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Одоогийн байдлаар гурван хүн ор сураггүй эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Related news