Дархан-Уул аймаг АШУҮИС-тай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-06-15 20:27:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, анагаахын салбарт ажиллаж буй эмч эмнэлгийн мэргэжилтнүүд, сувилагчдын мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарах аж. Түүнчлэн өвчин эмгэгийг эрт үед нь илрүүлэх, эмчлэх замаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд олон талт ажлуудыг авч хэрэгжүүлэх өргөн боломж нээгдэж буйг талууд онцлов.

АШУҮИС-ийн төв эмнэлэгт НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Эрт илрүүлгийн оношилгооны төв” байгуулж байгаа аж. Тус төвөөр дамжуулан улсын хэмжээнд дөнгөж төрсөн нярайд ямар нэгэн гажиг, эмгэг байгааг илрүүлэх боломжтой болж байгааг сургуулийн удирдлагууд хэллээ.

Мөн Дархан-Уул аймгийн 120 гаруй мянган иргэнийг онлайнаар бүртгэж, тухайн иргэнийг ямар өвчинтэй байгааг ялган ангилах, нотолгоонд тулгуурлан оношилгоо, эмчилгээнд хамруулах, хүн амын эрүүл мэндийн нарийвчилсан үнэлгээг гаргах боломжтой гэв. Хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөсөн олон ажил бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийллээ.

Уг үйл ажиллагаанд аймгийн АШУҮИС-ийн удирдлагууд, эрдэмтэн багш нарын төлөөлөл, аймгийн НБХ-ийн дарга С.Цасчихэр, ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Мөнхбат болон бусад албаны төлөөлөл оролцлоо. 

Related news