Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-18 12:58:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Н.Ганибал, Ц.Туваан нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн мэдүүллээ.


Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлд, "Намын бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно” гэсэн заалт оруулахаар тусгажээ.


Хуулийн төсөл өргөн мэдүүлсний дараа гишүүд мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, "Парламын сөрөг хүчин болох АН-ын бүлэг дотоодын асуудлаасаа үүдэн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрч, багагүй хугацаа өнгөрлөө. Эдгээр асуудлыг нэг мөр болгох, бүлгийн дарга, гишүүдийн эрх, үүргийг тодорхой болгох, хэрэв бүлгийн нийт гишүүдийн олонх бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох талаар санал нэгдвэл, шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд сонсгосноор эрх, үүрэг хэрэгжих зохицуулалтыг хуульд нэмж тусгах зайлшгүй шаардлагатай байгаа" хэмээв.


УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд Ардчилсан намаас 11 гишүүн сонгогдож, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу бүлэг байгуулж байсан юм.

Related news