“Emmy” наадмын шагнал гардуулах ёслолын товыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2022-04-07 11:19:42

ЛОС-АНЖЕЛЕС. /AP/. Америкийн телевизийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Emmy” наадмын 74 дэх удаагийн шагнал гардуулах ёслол есдүгээр сарын 12-ны өдөр болно. Энэхүү наадмыг “NBC” телевиз шууд дамжуулан үзүүлнэ.


Emmy-2022” наадмын шагналд нэр дэвшигчдийг долоодугаар сарын 12-нд танилцуулна гэж телевизийн академи лхагва гарагт мэдээлжээ. Ёслолын хөтлөгч, продюсерууд болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг мөн удахгүй танилцуулах ажээ.


Энэхүү наадам нь ням гарагт зохион байгуулагддаг уламжлалтай боловч энэ удаа “NBC Sunday Night Football” нэвтрүүлэгтэй давхцуулахгүйн тулд даваа гарагт зохион байгуулахаар болжээ.


Өнгөрсөн оны шагнал гардуулах ёслолыг “CBS” телевиз дамжуулж, хөтлөгч Седрик Антонио Кайлз хөтлөн явуулсан бөгөөд “COVID-19” цар тахлын улмаас цомхон хүрээнд зохион байгуулсан билээ. Гэхдээ 2020 онд ерөнхийдөө цахимаар зохион байгуулсантай харьцуулахад уламжлалт үйл ажиллагаатай тун ойролцоо болсон юм.


Emmy” наадмыг томоохон телевизийн сувгууд ээлжлэн шууд дамжуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд стриминг үйлчилгээгээр мөн нэвтрүүлэх болоод байгаа юм. Энэхүү наадмын 2021 оны шагнал гардуулах ёслолыг 7.4 сая гаруй үзэгч үзсэн байна. Энэ нь 2020 онд хамгийн цөөн буюу 6.4 сая үзэгч үзсэнтэй харьцуулахад өссөн үзүүлэлт болжээ. 

Related news