Архивын ерөнхий газар орон нутагт ээлжит сургалтаа зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архивын ерөнхий газраас төрийн архивын албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, хуулийг дагаж гарсан дүрэм журам, стандартын талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгуулдаг.
Энэ удаагийн сургалтыг Говь-Алтай аймгийн архивын тасгийн албан хаагчдад зориулж
2022 оны 3 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулсан байна. Сургалт “Төрийн
архивын үйл ажиллагааны нийтлэг журам”, “Байгууллагын архивын үйл ажиллагааны
нийтлэг журам”, “Архивын аюулгүй ажиллагааны журам”, “Албан хэрэг хөтлөлтийн
нийтлэг журам”, “Баримт бичгийн стандарт MNS 5140:2021”, “Тамга, тэмдэг,
баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”, Төрийн архивын
баримтыг цахим хэлбэрт шилжүүлэхэд анхаарах асуудал зэрэг сэдвээр болжээ.
Сургалтын хөтөлбөрт холбогдох газрын ажилтнуудаас зөвлөгөө авах, мэдээлэл
солилцох, Үндэсний төв архивын үйл ажиллагаатай танилцах, дадлага хийх зэрэг
үйл ажиллагаа тусгагдсан байна. Мөн сургалтад Говь-Алтай аймгийн архивын
тасгийн дарга, зааварлагч, арга зүйч, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын
улсын байцаагч, эрдэм шинжилгээний ажилтан, сэлбэн засагч, цахимжуулалт
хариуцсан ажилтан зэрэг 10 гаруй албан хаагч хамрагджээ.