МУИС-ийн номын сан өнөөдрөөс 24 цагаар ажиллаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
boloroo8136@gmail.com
2022-03-21 14:18:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчин бүрдүүлсэн, Монголын  дээд боловсролын салбарын нүүр царай болохуйц эрдэм шинжилгээ, сургалт-судалгааны түшиц номын санг 2017 онд нээсэн билээ. Үндэсний номын сангийн дараа орох баялаг ном, хэрэглэгдэхүүнтэй тус номын сан өнөөдрөөс 24 цагийн үйл ажиллагаатай болж байна. Энэ талаар тус номын  сангийн захирал Г.Цэрэнгээс тодрууллаа. 


-МУИС-ийн Номын сан өнөөдрөөс оюутнуудад 24 цагаар үйлчилж байна. Өмнө нь бас туршилтаар ажиллуулж байсан туршлагатай шүү дээ. Энэ удаагийн шийдвэр ямар онцлогоор хэрэгжүүлэх вэ?

-МУИС-ийн сургалт судалгааны түшиц газар болсон номын сан 1942 онд байгуулагдсан. 2017-2018 оны хичээлийн жилд орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчин бүрдүүлсэн номын сангийн шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсын онлайн мэдээллийн сангуудыг ашиглах боломжийг бүрдүүлэн 52 ажилтан, 15 цэг салбараар үйлчилгээ үзүүлж байна. Бид өмнө нь шалгалтын үеэр 24 цагаар оюутнууддаа үйлчилгээ үзүүлж байсан. Тухайн үед шалгалтын үеэр байсан учраас оюутнууд маш олноор үйлчлүүлсэн. МУИС-ийн Захиргаа оюутан суралцагчдаас ирүүлсэн хүсэлт, Төгсөгчдийн холбооны санал, МУИС-ийн 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд ийнхүү ажлын өдөрт нэг танхимыг 24 цагаар ажиллуулах шийдвэр гаргасан. Цахилгаан, боловсон хүчний цалин гээд олон хүчин зүйлээс шалтгаалах тул нэг танхимыг 24 цагаар ажиллуулна. 


-Анх ашиглалтад орохдоо өдөрт 700 хүнд үйлчлэх хүчин чадалтай гэж байсан. Тэгвэл 24 цагаар ажиллахдаа хэдэн оюутан хүлээж авах вэ?

-700 суудалтай болохоос 700 хүнд үйлчилнэ гэж ойлгож болохгүй. Нэг оюутан нэг цаг суугаад гарах гэхчлэн янз бүр байдаг. Манай сургууль 20 мянган оюутантай. Бүрэлдэхүүн сургуулиудад ч номын сан байгаа. 


-Өмнө нь 24 цагаар ажиллахад өдөрт хэчнээн оюутан үйлчлүүлж байв?

-Шалгалтын үеэр нэгдүгээр давхарт уншлагын танхим нээхдээ дээд тал нь 100 оюутанд үйлчлэхээр нээж байсан. Тэгэхэд оюутнууд дороо дүүрч байсан. Тиймээс энэ удаа ажлын өдрүүдэд туршилтаар нээж байна. Оюутнууд орж ирээд үнэхээр хичээлээ хийж байна уу, унтаж байна уу гэхчлэн асуудал гардаг. Тиймээс туршилт гэж нэрлэж байгаа. Хэрвээ болж байна гэж үзвэл цаашид үргэлжлүүлэх, сандал ширээг нэмэх гэх мэтээр зохицуулалт хийнэ.


-Өөр сургуулийн уншигчид үйлчлүүлэх боломжтой болов уу?

-МУИС-ийн Номын сан сандал ширээ бага байдагтай холбогдуулан нэгдүгээрт МУИС-ийнхаа оюутнуудад үйлчилнэ. Мөн МУИС Монгол Улсын төрийн өмчит зургаан сургуулийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан учир тухайн сургуулийн оюутнуудад тодорхой өдрүүдэд үйлчлэхээр журамд тусгасан. Түүнчлэн МУИС-ийн номын сангаар үйлчлүүлэх шаардлагатай гэсэн улсууд байдаг. Тэдэнд зориулан 15 хүртэлх хүнд үйлчилнэ гэж тусгасан. Сандал ширээний хүртээмж, ачааллаас хамааран гадны уншигчдыг хүлээж авдаг.


-МУИС-ийн номын сангийн фонд өнгөрсөн таван жилийн хугацаанд хэр баяжив. Хамгийн ховор номоос нэрлэж болох уу?

-Цахим номын сангаа баяжуулахаар маш хурдацтай ажиллаж байна. Хэвлэмэл номын хувьд 400 мянга орчим ном сурах бичигтэй.


Хамгийн ховор ном гэвэл 1936 онд франц хэлнээс уйгаржин хэлээр хэвлэгдсэн “Арван таван наст капитан” ном бий. Цахим номын сангийн хувьд гадны мэдээллийн 16 санг ажиглаж байна. Бүх материалаа оруулбал 100-гаад цахим материалтай.



-Бусад сургуулийн номын сангаас юугаараа онцлогтой вэ?

-МУИС-ийн Номын сан өөрсдийн сургалтын хөтөлбөрт ном сурах бичгийг бүрдүүлдэг. Тиймээс Үндэсний номын сангийн дараа хоёрдугаарт орох баялаг ном эх сурвалжуудтай.  Түүнчлэн ном чөлөөт сонголттой. Энэ нь шинэ номыг оюутнууд өөрөө сонгох боломжтой гэсэн үг. Байгалийн шинжлэх ухааны, Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны, Тогтмол хэвлэлийн уншлагын тахимууд чөлөөт сонголтын хэлбэрт бүрэн шилжсэн. Анги танхимын суудал шиг зөвхөн урагшаа харж суудаг стандартын дагуу суудалтай биш. Уншлагын танхим бүр багаар ажиллах өрөөтэй, дуу чимээ намсгах суудлыг олноор хийж өгсөн.  Оюутан хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэх нөхцөл боломжийг бүрэн хангасан.


-Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж ажиллах вэ?

-Ковидын халдвар дуусаагүй байна. Орж ирсэн оюутан бүрээс PCR шинжилгээ, вакцины бичиг шаардах нь санхүү эдийн засгийн хувьд боломжгүй юм. Тиймээс хувь хүн бүр халдвар хамгааллын дэглэмийг сахих нь чухал. МУИС-ийн номын сангаас агаар салхи оруулах, чийгтэй цэвэрлэгээ хийх зэргээр оюутан залуусыг тав тухтай үйлчлүүлэх орчныг бүрдүүлэн ажиллана. 



Related news