Сүүлийн 3 жилд ахуйн хүрээний ослоор 333 хүүхдийн амь нас хохирчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн гурван жилийн хугацаанд ахуйн хүрээнд буюу гэртээ гэмтэж бэртсэн 157 мянган хүүхэд бүртгэгджээ.
ТЦА-наас “Сурагчдын аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо” сэдвээр өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн алхах мэргэжилтэн Д.Хадбаатар мэдээлэхдээ, “Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд аюулт үзэгдэлд өртөж 853 хүн амиа алдсан. Үүний 16.9 хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд обьектын гал түймэрд 23, усны ослоор 22, өндрөөс унасан 3, бусад шалтгаанаар 14 хүүхэд, нийт 62 хүүхэд амиа алдсан байна. Бусад шалтгаан гэдэг нь салхи, шуурганы улмаас болон гэртээ цоожлуулж үлдсэний улмаас осолдсон зэрэг нөхцөл байдлыг нэрлэж болно” гэж тодотголоо.
Нийслэлд хүүхдүүд ихэвчлэн "Гэр-сургууль-цэцэрлэг" гэсэн маршрутаар замын хөдөлгөөнд оролцохдоо осолд өртдөг байна. Үүнд, зорчих хэсгийн гарцтай хэсгээр зам хөндлөн гараагүй, эцэг эх асран хамгаалагчгүйгээр 0-10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулснаас ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.
Нийслэлд сүүлийн гурван жилийн хугацаанд зам
тээврийн ослын улмаас 1817 хүүхэд гэмтэж, 166 хүүхэд амиа алджээ. Тодруулбал,
2019 онд 49, 2020 онд 64, 2021 онд 51 хүүхэд амиа алдсан байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд
/ГССҮТ/ сүүлийн гурван жилийн хугацаанд
ахуйн хүрээнд буюу гэртээ гэмтэж бэртсэн 157 мянган хүүхэд бүртгэгдсэнээс 333 нь нас баржээ. Тодруулбал, 2019 онд 24 мянга, 2020 онд 28 мянга, 2021 онд
29 мянган хүүхэд гэмтсэн байна. Ахуйн орчны осол гэмтлийн улмаас ГССҮТ-д
үйлчлүүлсэн нийт хүүхдийн 40.1 хувь нь тархины гэмтэл авч байна.