Олимпод оролцсон 3х3 сагсны тамирчид, сурагчидтай уулзалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-17 10:28:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио 2020” олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн анх удаа багийн төрөлд оролцсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид өнөөдөр Сүхбаатар дүүргийн Монгол 3-р сургуулийн сурагчидтай уулзалт хийв.


Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Спорт дахь эмэгтэйчүүд комиссоос спортоор дамжуулан нийгмийн хөгжилд нөлөөлөх, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх дур сонирхлыг төрүүлэх болон эмэгтэй тамирчдыг алдаршуулах цуврал ажлынхаа хүрээнд энэхүү цуврал уулзалт, нөхөрсөг ярилцлагыг зохион байгуулж байгаа юм. 


Сурагчид шигшээ багийн тамирчдыг сургуулийн үүднээс алга ташин халуун дотноор хүлээн авсан бөгөөд тэдний тэмцээний үеийн ховор агшинг буулгасан зургийн үзэсгэлэн, ялалтын торгон агшинг харуулсан богино бичлэгийг сонирхуулжээ. Тус арга хэмжээний үеэр 3 дугаар сургуулийн өсвөрийн сагсан бөмбөгчид үзүүлэх тоглолт хийсэн бол ахлах ангийн сурагчид сургуулийнхаа сүлд дууг дуулж сонирхуулав. 



Шигшээ багийн тамирчин Б.Солонго, О.Хулан, Э.Чимэддолгор нар тус сургуулийн 11 дүгээр ангийн сурагчидтай уулзах үеэр багийн спортын онцлог, спортын замнал, өөрсдийн туршлагаас хуваалцаж, зөвлөгөө өгч, спортын амжилтын талаар сонирхолтой, халуун дотно яриа өрнүүлэв.


Тамирчин Б.Солонго нь тус сургуулийн 2008 оны төгсөгч юм. Тэрбээр хэлэхдээ “Миний хувьд төгссөн сургууль дээрээ ирсэндээ үнэхээр догдолж байна. Энэ сургуульд би яг та нартай адилхан суралцаж, энэ л орчинд, энэ зааландаа бэлтгэл хийж байгаад өнөөгийн амжилтад хүрсэн. Спортоор тууштай хичээллэж байсны үр дүнд өдий зэрэгтэй сайн тамирчин болж, олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцлоо. Та нар маань ч бас хичээвэл амжилтад хүрэх бүрэн боломжтой. Энэ боломж та бүхэнд бүгдэд нь адилхан  нээлттэй байгаа шүү” хэмээн чин сэтгэлээсээ хэлж, сурагчидтай халуун дотно яриа өрнүүллээ.


Тамирчин О.Хулан, Э.Чимэддолгор нар өөрсдийн үнэт туршлагаас хуваалцаж, асуултад хариулсны дотор “Хувь тамирчны хувьд бэлтгэлийнхээ хором мөч бүрт өөрийгөө бүрэн зориулдаг. Багийн спорт учраас сахилга баттай байх, өөрийгөө бүрэн дайчлахад бүгдээрээ хамтарч ажиллах хэрэгтэй. Хамгийн чухал нь дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Өөрөө үнэхээр дуртай болохоор түр зуурын бэрхшээлийг даван туулахад асуудалгүй байдаг. Харин хийж чаддаг зүйлээ хийж чадахгүй бол санаагаар унадаг. Мэдээж шантрах үе гардаг. Гэхдээ ганцаараа л шаналаад, ганцаараа л зовоод байх биш бусадтайгаа ярилцаад, зөвлөөд явах нь багийн спортын онцлог. Одоо болж байна, сайн байна гэх мэт үгэнд урамшдаг. Зоригтой байгаарай. Өдөр бүр өөртэйгөө өрсөлдөөд явбал амжилт хурдан ирнэ” хэмээн тэд ярьж байлаа.



Уулзалт ярилцлагын төгсгөлд сурагчдын төлөөллийн дунд шидэлтийн тэмцээн зохиож, түрүүлсэн сурагчид тамирчдын гарын үсэг бүхий ил захидал, МҮОХ-ны тэмдэг зэрэг дурсгалын зүйл гардуулж, хамтдаа зургаа авахууллаа.


Тус уулзалтад Сүхбаатар дүүргийн “Гренобль” олимпын зөвлөл, Сүхбаатар дүүргийн БТСГ болон 3 дугаар сургуулийн хамт олон оролцож, цаашид ерөнхий боловсролын сургуулиудад алдартай тамирчидтай хамтран хийж хэрэгжүүлэх боломжтой ажлын талаар санал солилцлоо.


Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” цогцолбор сургуулийн сурагчидтай олимпын медальт чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэг, Б.Болортуяа нар уулзалт ярилцлага хийнэ.







Related news