Р.Мөнхсайхан: Улаанбаатар театр мюзиклийг хөгжүүлэх талбар болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2022-03-03 13:17:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар чуулгыг Улаанбаатар театр болгон өөрчилсөн. Театр болгосноор үйл ажиллагаанд нь ямар өөрчлөлт орох болон ойрын хугацаанд үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж буй уран бүтээлийн талаар тус театрын дарга, Соёлын тэргүүний ажилтан Р.Мөнхсайханаас тодрууллаа.


-Улаанбаатар чуулгыг Улаанбаатар театр болгон өөрчлөх тухай НИТХ тогтоол хэрэгжиж эхэлсэн. Чуулгыг театр болгосноор үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөж байна вэ?


-Гадаадын улс орнуудын нийслэл, томоохон хотууд нь өөрийн театртай байдаг. Дэлхийн хотуудын чансааг тодорхойлоход театрын үзүүлэлт ордог жишиг бий. Тэр жишгээр Улаанбаатар чуулгыг 15 жилийн ойн босгон дээр театрын статустай болголоо. Ингэснээр монголчууддаа өв соёлоо түгээн дэлгэрүүлэх төдийгүй жуулчдад Монгол Улсыг, нийслэлээ сурталчилах боломж бүрдэж байна. Театр болсноороо манай статус дээшилж, гадаад харилцаагаа өргөжүүлэх боломжтой боллоо. Тиймээс бид олон уран бүтээл рүү зоригтой орж, өөрсдийнхөө хүчээр байнгын үзэгчдээ бэлтгэхээр ажиллаж байгаа.


-Чуулгаас урын сангаа баяжуулах өнөө цагийн залуус болон гадаадын жуулчдын сонирхолд нийцүүлэн ардын урлагийг орчин цагийн өнгө аяс бүхий урлагийн төрлүүдтэй хослуулан уран бүтээлүүдээ туурвиж байсан. Театр болон өргөжсөнөөр цаашид уран бүтээлдээ менежментийн ямар шинэчлэл хийх вэ?


-Бид урд нь мюзикл жүжигтээ оддыг урьж тоглуулаад өндөр үнэлгээ авч байсан. Саяхан бид уран бүтээлчдийнхээ дунд хөрвөх ур чадварын шалгаруулалт хийлээ. Өөрөөр хэлбэл, хөгжимчид дуулж, бүжиглээд, бүжигчид нь дуулж, жүжиглэсэн юм. Энэ үеэр уран бүтээлчид ямар их авьяастай байдгийг, залуучуудын эрч хүчийг ойлгож авлаа. Хөгжмийн театрт ихэвчлэн давхар мэргэжилтэй уран бүтээлч байдаг. Энэ нь ч манай театрын уран бүтээлчидтэй тавих нэг шаардлага болж байгаа. Дуучид заавал бүжиглэдэг, эсхүл хөгжим тоглодог, жүжиглэдэг байх хэрэгтэй. Одоо бид өөрсдийнхөө анх тавьж байсан “Анхны үнсэлт” гээд жүжгийг яг өөрийнхөө уран бүтээлчдийн хүчээр тоглох гээд бэлтгэл, сургуулилтаа хийж байна. Энэ жүжгийн үеэр ч манай хөгжимчид бүжиглэж, дуулна. Ингээд бүжигчин нь дуулаад, дуучин нь хөгжим тоглоод ирэхээр театрт шинэлэг уур амьсгал, соёл бий болж байна. Бүжигчид өглөө дууны, хөгжимчид бүжгийн дасгал хийж ажлаа эхлүүлэх нь уран бүтээлчдийн хувьд шинэ зүйл. Цаашдаа төлөвлөсөн олон ажил бий.

Тухайлбал, театрынхаа дэргэд “Театр студи” байгуулахаар эхний уран бүтээлчидтэйгээ уулзаж байна. Энэ нь яг мюзиклийн уран бүтээлчид манай театртай хамтран ажиллах лаборатори болно. Энэ хүрээнд монголын мюзикл ямар байх, орчин үеийн модерн жүжиг ямар байх ёстой юм гэдэг талаар жүжгийн зохиолч, найруулагч нартай хамтарч ажиллана.

Одоо бол манай улсад жүжигчдийг жанраар нь хуваачихсан байгаа шүү дээ. Энэ нь комедиан, энэ нь хошин шогийнх, энэ нь киноных, драмынх гэх мэтээр. Тэгэхээр Улаанбаатар театр бий болсноор мюзиклийн жүжигчин гэдэг жанр нь хөгжих боломжтой болж байгаа юм.


-Мюзиклийн жүжигчин бол жүжиглэдэг, дуулдаг, бүжиглэдэг гээд олон талын авьяастай байх ёстой.


-Тийм. СУИС, Сити дээд сургууль мюзиклийн жүжигчин бэлтгэсэн ч дийлэнх төгсөгч нь театр, чуулгуудад бүжигчнээр ажиллаж байна. Мөн жүжигчин, дуучин ч бий. Уул нь бол энэ гурав цугтаа байх талбар хэрэгтэй. Улаанбаатар чуулга энэ талбарыг бий болгож байна. Тэгэхээр тэнд үзэгчид бий болж, энэ жанрыг ойлгодог, сонирхдог хүмүүс гарч ирнэ. Мюзикл гэхээр хүмүүс дуурь юм уу гээд байдаг. Дуулаад л байна гэж боддог ойлгодог юм шиг байна билээ. Би Москвад театрын сургууль төгссөн. Тэр үед надтай хамт музтеатрынхан хамт суралцаж байлаа. Авьяас гэж ийм л байдаг юм байна гэж бодохоор чадварлаг хүмүүс. Дэлхийн улс орнууд театр гэдгийг өөр өөрөөр ойлгоно. Бид театр гэхээр дуурь эсхүл драм гэж л ойлгож байна. Англи хүнд театр гэж хэлбэл Уильям Шекспирээс эхлээд мюзиклуудыг, “Есүс Христос Суперзвезда” гээд л тэр том рок оперануудыг төсөөлнө. Америк хүнд хэлэх юм бол жаззын үед бий болсон том мюзикл төсөөлнө. Тэгэхээр Улаанбаатар хотод УДЭТ, УДБЭТ, Үндэсний урлагийн их театр, тэгээд манай театр байна. Би чуулгын даргын ажлыг авснаасаа хойш шинэ залуу ододтой хамран ажиллаж байгаа. Энэ нь ч тэднийг тайз, дэлгэцнээ гарахад том дэм болсон. Тухайлбал, нийслэлийн тухай дуунуудаар хийсэн “Үүлсийн сайхан Улаанбаатар” жүжигт Г.Тэнүүн, Зори буюу С.Зоригт, А.Хишигдалай, Б.Солонго, Ч.Цэлмүүн, Чойжоо буюу Б.Чойжилсүрэн, Т.Амина нар 6 жилийн өмнө тоглож байсан. Энэ жүжгийн зохиолыг бичсэн залуу уран бүтээлчтэй цаашдаа хамтарна.Дараагийн үеийн шинэ залуу уран бүтээлчид, хамтлагуудтай хамтран ажиллах сонирхолтой байна.


-Үндэсний урлагийг түгээн дэлгэрүүлэх, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Улаанбаатар чуулгыг 2006 онд байгуулсан. Чуулга өнөөдрийн байдлаар хэдэн уран бүтээлчтэй, урын сандаа хэдэн уран бүтээлтэй байна вэ. Залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллана гэхээр театрынхаа уран бүтээлчдийнхээ тоог нэмэх бодлого барьж байна уу?


-Уран бүтээлчдийн тоог нэмэх гэхээсээ илүү орчин үеийн технологийг ашиглаж уран бүтээлээ хийхээр төлөвлөж байна. Ер нь модерн поп оркестр нь үндэсний хөгжимд ямар байх вэ гэдэг шинжилгээний ажлыг захиалгаар хийлгэж байна. Хөгжмийн зохиолч Б.Чинбат болон манай уран бүтээлчид хөгжмийн зэмсгийн дугаралтыг хэмжиж, ийм зэмсэг тийм тоглолтод тэдэн ширхэг байна гэж тоог нь нарийвчлан гаргаж, хөгийг онолын үүднээс нь бий болгож, эндээс бүтцээ хийхийг зорьж байна. Нийслэлийн Засаг дарга, НЗДТГ, нийслэлийг Соёл урлагийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллага биднийг дэмжиж байгаа. Орон тоо болон урын сангийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийнэ. Ер нь бол урын сангийн хувьд бидэнд 500-600 уран бүтээл байна. Үүнээс 200 уран бүтээлийг голлон сонгож авсан бөгөөд дийлэнх нь модерн чиглэлийнх. Монголд яг олны мэддэг 100 гаруй уртын дуу байгаагаас манай хамт олон дуулахад бэлэн 60 уртын дуу байна.

Уртын дуу гэдэг бол зүгээр нэг ёс заншлын юм уу хүндэтгэлийн зүйл биш. Уртын дуу цаанаа Монгол хүний ахуй амьдралтай холбогддог гэдгийг батлахыг зорьж, үүнд нийцсэн бүтээлүүдийг бид цуглуулж байгаа.

Театруудтайгаа нэг статустай болж, зэрэгцэн зогсож байгаа учраас цаашдаа иргэддээ хүргэх уран бүтээлийн өөр ертөнцийг хайж байгаа. Өөрөөр хэлбэл, бидний жанр өөр учраас бусад театр, чуулгуудтай уран бүтээлээрээ уралдаж, өрсөлдөхгүй. Гэхдээ театр болсон учраас ямар уран бүтээл туурвих вэ гэсэн хүлээлт монголчууд, нийслэлийнхэн, уран бүтээлчдийн дунд байна.


-Ойрын хугацаанд олны хүртээл болгохоор төлөвлөж буй, шинээр сэргээн олны хүртээл болгох ямар уран бүтээл байна вэ?


-Энэ сард бид сургуулийн ахлах ангийнхан, оюутнуудад зориулсан “Анхны үнсэлт” мюзикл тоглоно. Мөн өмнө хийж байсан ажлуудаа үүргэлжүүлэх, цар хүрээг нь нэмэх бодлого барьж байна. Үндэсний хөгжмөөрөө дэлхийн улс орнуудын уран бүтээлийг тоглох хөтөлбөр хэрэгжүүлж байна. Жанрын өөрчлөлтийн хүрээнд үндэсний хөгжмийг рок, поп, диско зэрэг хэлбэрээр тоглож байгаа. Манай ёочин Х.Бархүү, лимбэчин Б.Мягмарцэрэнгийн үзэгчдийн талархлыг хүлээсэн олон тоглолт рок жанрынх. “Хү” хамтлаг Хүннү рок урсгалаар дэлхийг донсолгож байгаа энэ үед иргэд ийм өөрчлөлтөд цочирдохоо больсон. Харин гадаадын үзэгчид их баярлаж хүлээж авдаг. Үзэж байснаа гэнэтхэн гар утсаараа бичлэг хийгээд л эхэлдэг шүү дээ. Дэлхийн сонгодог хөгжмийн ноён оргил болсон Игор Стравинский тухайн үедээ олны хүртээл болгочихоод хамт олонтойгоо өндөг шидүүлээд тайзнаас хөөгдөж байсан түүхтэй бүтээлийг бид өөрсдийн гол бүтээл болгож авсан. Энэ бол “Ариун хаврын тахилга” гээд этно балет. Игор Стравинский энэ бүтээлээ 120 хүний бүрэлдэхүүнтэй симфони оркестрт зориулсан байсныг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн найруулгаар 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үндэсний хөгжимд хөрвүүлсэн юм.


-Уртын дууны тоглолт хийхээр төлөвлөж байна уу?


-Энэ чиглэлээр этник уран бүтээл төлөвлөж байна. Энэ хүрээнд уртын дууны сэдвээр зохиолын уралдаан зарлана. Уртын дуугаар мюзикл тоглоно гэдэг их сонирхолтой санагдаж байгаа. Ер нь бол уртын дуунд Монголын бүх ахуй, уур амьсгал, энерги цогцолсон байдаг. Гадаадад төрсөн, Монголд ирж байгаагүй монгол хүүхдэд уртын дуу сонсгоход уяраад уйлдаг жишээ олон бий. Энэ бол генийн их том өв соёл. Дээр нь дуу болгон өөрийн утга учир, сүншигтэй. Тухайлбал, “Жаргалтайн дэлгэр” гэдэг дуу хийж буй үйлдэл, ажил төрөл нь улам бүр бадран дэвшин дээшлэх бэлгэдэл болдог. “Уяхан замбуу тивийн наран” бол юм бүхний эхлэл хамгийн чухал гэдгийг илэрхийлдэг бол “Идэр жинчин” гэж дуу буян хишиг арвижихын бэлгэдэл. “Эр бор харцаг” бол хүний цог золбоог бадруулдаг. “Шалзат баахан шарга” гэж дуу нь дүүгээ андуураад агначихдаг учраас баяр ёслолд дуулдаггүй гэж цээрлэдэг. Гэтэл энэ дуу ахан дүүсийн барилдлагааг чангалах, төрөл саданг ойртуулах, харилцаа холбоо бат бөх байхын бэлгэдэл, сургаал болсон дуу. Ийм мюзикл хийнэ. Уралдааны үеэр бид шууд бүтэн зохиол хүлээж авахгүй. Зохиолч нэг хуудаст багтааж санаагаа илэрхийлээд ирүүлэх юм. Тэндээс нь сонгоно. Энэ бол их өвөрмөц ажлын эхлэл. Хүннү рок одоо дэлхийд ихээхэн алдартай болж байна. Тэгэхээр энэ жанраар УГЗ Ү.Хүрэлбаатар шүлгийг нь бичсэн “Хангардийн магтаал”-ыг үзэгчдийн хүрээл болно.


-Өнгөрсөн хугацаанд дотоодоос гадна гадаадад ч олон тоглолт хийсэн байх. Театрын гадаад харилцаа өнөөдөр ямар түвшинд байна вэ. Гадаад харилцаа, хамтын ажиллагаанд ямар шинэ боломж нээгдэх вэ?


- Бидний нэг онцгой үүрэг бол нийслэлийн үйл ажиллагаанд оролцох. Тэгэхээр бид дотроо байнга тайзанд тоглох, нийслэлийн үйл ажиллагаанд оролцох зэргээр ажлаа төлөвлөөд явж байна. Улаанбаатар бол дэлхийн 20 орчим хоттой эгч дүү хотын харилцаатай. Энэ харилцаанд соёлын солилцоо ордог. Чуулгын статустай байхад гадаад харилцаанд орчуулгын асуудал үүсдэг байлаа. Ансамбль гээд орчуулахаар гадаад хүнд хамгийн эхлээд жигд хувцастай, настангуудын, хүүхдийн ч юм уу бүжгийн, үлээвэр хөгжмийн гээд нэг жанрын чуулга шиг ойлгодог. Тэгээд манай чуулга дуутай, бүжигтэй, жүжигтэй гэхээр гайхаад байдаг юм. Тэгээд биднийг нийслэлийн дэргэдэх нэг хамтлаг гэж ойлгодог байсан. Харин нийслэлийн театр гэхээр маш хялбар ойлгож байна. Энэ нь бидний гадаад харилцаанд маш том түлхэц өгч, дээр хэлсэн хотуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болсон. Тэр хотууд чинь бүгд дэлхийд гайхагддаг том театртай. Тэдэнтэй хамтын ажиллагаагаа эхлүүлээд, дараа жилийнхээ төсөв, төлөвлөгөөнд оруулаад явахаар гадаад харилцаа маш хурдан хөгжих боломжтой. Дээр нь нийслэлийн Засаг дарга гадаадын хотуудаар явахад заавал уран бүтээлчдээ авч явдаг. Гадаадынхан нэг чуулгаа, хамтлагаа, театраа ч юм уу аваад явдаг байхад манайхан эрээвэр хураавар хүмүүс аваад явчихдаг. Одоо бид театр болсон учраас Засаг даргатай хамт бүрэн бүрэлдэхүүнээрээ эсхүл цөөхүүлээр явах хөтөлбөр бэлтгэж байгаа. Өмнө нь гадаад орнуудын хөгжмийг үндэсний хөгжмөөрөө тоглох, дууг нь дуулах, бүжиглэх зэрэг тоглолт хийсэн байсан учраас туршлагатай. ДБЭТ-ын ерөнхий удирдаач, УГЗ Н.Туулайхүү гуайд бид их баярладаг. Бидэнтэй урт хугацаанд нөр их хичээл зүтгэл гаргаж хамтран ажилласны хүчинд манай хөгжимчдийн модерн тоглолтын ур чадвар сайжирсан. Улаанбаатар чуулгад орж ирсэн хөгжимчин шууд тэр барилд суралцдаг. Бид энэ сардаа нэг чухал тоглолт үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Энэ бол Монголын үндэсний хөгжмүүдийн түүхээр бүтсэн “Хөгжмийн домог” гэдэг тоглолт.

Бид чинь морин хуураас бусад хөгжмөө Азийн орнуудын хөгжим гээд өөрөөсөө түлхээд байдаг. Яг түүхээ харахаар ихэнх хөгжим монголоор дамжсан байдаг. Бид Торгоны замын төвд байсан учраас монголоор дамжиж Ази, Европт хөгжсөн, Монголын ноёд хатад тэр газар нь нутагшуулж байсан түүхтэй юм байдаг.

Ятгыг л гэхэд Монгол хатан солонгосчуудад зааж өгсөн гээд хөшөө нь байх жишээтэй. Энэ чинь маш том баталгаа. Европт байдаг цимбал гэдэг төмөр утастай хөгжим Монголоор дамжиж Азид нэвтэрсэн нь ёочин байх жишээний. Хуучир гэдэг хөгжмийн хуу гэдэг нь Хүннү гэсэн үгтэй холбогддог. Янжинлхам бурханы гарт байдаг пипа хөгжмийг Монгол хөгжим гэдэг. Гэтэл Монголд мэддэггүй. Монгол Улсын консерваторит энэ хөгжмийг Монголд дахин сэргээхээр залуучууд сурч байгаа. Манай театр ч тэр хөтөлбөрт оролцох, хөгжмийг нь худалдаж авах гээд хүсэлтээ өгөөд явж байна. Их Монгол Улсын Их хааны орд өргөөнд хөл тавьсан анхны европчуудын нэг Плано Карпини Мөнх хааны ордонд оччихоод “Манай улсаас олон гитар байдаг юм байна” гэж хэлсэн байдаг.  Би анх энэ түүхийг сонсоод товшуур, домбор л юм байх гэж төсөөлж байсан. Гэтэл зургаан утастай хөгжим гээд байгаа юм. Би латинаар нь яаж бичсэн бол гээд олон орчуулгыг нь харахад дан гитар гэж байдаг юм билээ. Монголоор болохоор хөгжим гээд орчуулчихсан байна билээ. Тэр бол буруу гэж би боддог юм. Энэ мэт Монгол үндэсний хөгжмийн түүхийг гадаад болон дотооддоо таниулах тоглолт болно. 


-Ярилцсанд баярлалаа.


-Танай хамт олонд, уншигч нартаа баярлалаа.

Related news