Алслагдсан багт 4G сүлжээг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-02-14 16:27:39

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Цахим Дархан” төслийн хүрээнд 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, “Мобиком корпораци” ХХК-ийн Ерөнхий захирал Тацуяа Хамада нар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Тус санамж бичигт Нэгдсэн үйлчилгээний лавлах төвийг байгуулж ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд цахим төлбөр тооцоог нэвтрүүлэх, үүрэн болон дамжуулах байгууламжийн дэд бүтцийг өргөжүүлэх, гэр хорооллын бүсэд дэвшилтэт үйлчилгээ, дэд бүтцийг нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар тусгасан.

Энэ дагуу өнгөрсөн жил “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд Мобинэтийн утасгүй интернэтийн бүсийг бий болгосон. Мөн орон нутагт анхны “Үйлчилгээний нэгдсэн төв-2222”-ыг байгуулж, 27 ажлын байрыг шинээр бий болгосон. Дархан сумын IV сургуулийн сурагчдад зөөврийн компьютер хандивлаж, Mонпэй цахим төлбөрийн систем, өрхийн интернэтийн үйлчилгээг зарим бүсэд шинээр нэвтрүүлсэн.

2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн удирдлагууд Мобиком корпорацийн үйл ажиллагаа, “Дижитал хувьсал”-ийг хэрхэн хэрэгжүүлж буйтай танилцаж “Цахим Дархан” төслийн хүрээнд хийх ажлуудаа харилцан ярилцлаа. Энэ онд Хонгор сумын Хүйтний гол, Мухарын голын бэлчир, Зулзага амралтын бүс, Дархан сумын 2 дугаар баг Ширээ нуруу, Хөтөл хороолол, Орхон сумын төвд мобикомын 4G сүлжээний өргөтгөлийг хийхээр төлөвлөжээ.

Related news