“Хөдөө аж ахуйн техник үйлчилгээний дундын төв” ОНӨААТҮ-ийн газрыг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-24 18:02:19

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт болсон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Хөдөө аж ахуйн техник үйлчилгээний дундын төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах тухай хэлэлцүүлэхээр Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, ХХААГ-аас танилцуулсан. Уг саналыг тэргүүлэгчид дэмжиж батлав.

Ингэснээр үйлдвэрийн газар нь өөрийн өмчлөл, эзэмшлийн хөдөө аж ахуйн зориулалттай машин механизм, техник, тоног төхөөрөмжийг газар тариалан эрхлэгч, хадлан тэжээл бэлтгэгчдэд түрээсээр ашиглуулах аж. Мөн иргэн, аж ахуйн нэгжид гэрээний дагуу хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг үзүүлэх, улс, орон нутгийн төсөв, дотоод, гадаадын иргэн, хуулийн этгээдийн хөрөнгө оруулалт, хандив, дэмжлэг, тусламжаар газар тариалангийн салбарт нийтийн зориулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээг менежментийн удирдлагаар хангах, бусдад гэрээгээр ашиглуулах юм.Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэхэд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулах ажээ.

Тус байгууллага нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт явуулсан үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжихээр тусгажээ. Газар тариалан болон хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад болон жижиг дунд бизнес эрхлэгчид техник, тоног төхөөрөмжгүйн улмаас тариалалт багасах, ургац алдах тохиолдлууд гардаг. Уг аж ахуйн тооцоот үйлдвэр байгуулснаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

Related news