Нэмэлт дархлаажуулалтад хамрагдахыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-14 11:11:13

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 144 дүгээр хуралдаан өчигдөр хэсэгчилсэн байдлаар хуралдлаа. Аймгийн хэмжээнд 2021 оны 49 дүгээр долоо хоногт коронавируст халдварын 173 шинэ тохиолдол бүртгэгдэж өмнөх 48 дугаар долоо хоногтой харьцуулахад 50.3 хувиар буурсан байна.

Нийт халдварын 29.6 хувийг 17 хүртэлх насны хүүхдийн өвчлөл бүртгэгдсэн бөгөөд тухайн хүүхдүүдийг насны бүлгээр авч үзэхэд 4 хүртэлх насны хүүхэд 20,хувь, 5-9 насных 25.9 хувь, 10-14 насных 31.5 хувь, 15-17 насных 22.2 хувийг тус тус эзэлж байна. Ковидын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд өссөн дүнгээр нийт 25794 хүн хамрагдсан байна. Энэ нь аймгийн хэмжээний нийт хүн амын 24 хувь, зорилтот бүлгийн 44.5 хувь юм.

Гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр аймгийн Онцгой комиссын өмнөх хуралдаануудаас гарсан шийдвэр, өгсөн үүрэг, Эрүүл мэндийн сайдын 9 дүгээр албан даалгаврын хүрээнд нийт 104 төрийн байгууллагын 4811 албан хаагчийн 3516 нь буюу 73.1 хувь нь нэмэлт тунд хамрагдсан аж. Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, коронавирусний халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй 12 хүртэлх насны хүүхдийг эрсдэлээс сэргийлэх үүднээс иргэдийг нэмэлт тунд хамрагдахыг аймгийн Онцгой комиссоос уриаллаа. Түүнчлэн ЭМЯ, ДЭМБ, эрдэмтэд ч насанд хүрсэн бүх иргэнийг гуравдугаар тунд хамрагдахыг зөвлөсөөр байна.

Related news