Д.Эрдэнэбат: Монгол Улс бүтээгч эдийн засаг руу шилжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-13 13:29:41

Ази-Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт Төрийн ордны их танхимд нээлтээ хийлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтыг нээж хэлэхдээ, "АСЕМ-ын 20 жилийн ойн босгон дээр гадаадын болон дотоодын томоохон хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн манлайлагчидтай уулзаж байгаадаа баяртай байна. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд 9 дагалдах уулзалтыг Монгол Улс зохион байгуулж буй юм. Өнөөдрийн  уулзалтад 43 орны 700 гаруй зочин төлөөлөгчид санал бодлоо солилцохоор ирээд байна. Манай улс хоёр том улсын дунд оршдог, тэр хэрээрээ худалдаа наймаа дамжин өнгөрөх таатай бололцоог бүрдүүлдэг. Тиймээс манай улс бизнесийг дэмжсэн таатай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана" хэмээн онцлов.

Харин  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат  нээлтийн үеэр хэлэхдээ, "Евроазийн ихэр тивд даяаршлын орнуудын үйл явцыг хамтран бий болгож, түүнийг залан чиглүүлэх гүүр нь болсон Ази, Европын чуулга уулзалт энэ жил Монгол Улсад өөрийн хөгжлийн 3 дахь 10 жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн хугацаанд түнш орнуудын хоёр талын харилцааг бэхжүүлэхэд түүний олсон ололт, амжилтыг үнэлж, дүгнэхийн сацуу ирээдүйг нь тодорхойлох энэ цаг мөчид хоёр тивийн эдийн засаг, худалдаа бизнесийн хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон, дүгнэн хэлэлцэхээр Монгол Улс энэ удаад “Оролцоотой хөгжлийн уялдаа холбоо”  сэдвийг дэвшүүлэн та бүхнийг нэгэн дээвэр дор цуглуулаад байна.

 Ази, Европыг холбох дэд бүтцийн зангилаа болсон Монгол Улсын хувьд эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэн хоёр тивийг холбох “Торгоны зам” төсөл, “Талын зам” төсөл, гурван улсын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрт идэвхтэй оролцож байна.

Эдгээр төслүүд дэх манай улсын оролцооны чухал нөхцөл нь боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, бүс нутаг, хил орчмын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, дэд бүтэц, зам тээврийн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх явдал юм.

Хөгжиж буй орнуудын төлөөлөл болсон Монгол Улс өөрийн улсын эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой өсөлтийг бий болгохоор уул уурхайн түүхий эдийн экспортлогч, хэрэглээний эдийн засагтай орноос өөрийн баялгийн нөөцөд тулгуурласан бүтээгч эдийн засаг руу шилжиж байна. Экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн хөгжлийн стратегийг сонгосноор нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нийлүүлж, хоёр тивийн зах зээлийн эргэлтэд оруулахаар зорьж байна” гэлээ.

Чуулга уулзалтаар “Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх”, “Ази-Европын хамтын ажиллагаа”, “Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх”, “Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна.

Б.Заяа

Related news