Хүннүгийн үеэс өнөөг хүртэлх Монгол адууны өв соёлыг харуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-07-06 13:19:57

“Монгол адууны өв соёл” үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болж байна.

Үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт хадгалж буй адууны өв соёлын түүх, гарал үүсэл, адууны тоног хэрэгслийн үүрэг зориулалт, хурдан морины шинж, түүнд хэрэглэх эдлэл хэрэглэл, гоёлын эмээл, хазаарын ур хийцийн талаарх 100 гаруй үзмэр дэлгэжээ. Тухайлбал, Хамгийн эртний үзмэр нь нийтийн он тооллын 2000 жилийн өмнөх адууны толгой, Хосгүй үнэт өвийн жагсаалтад орсон Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутгаас олдсон эмээлийн хэрэглэл, XIX-XX зууны эхэн үеийн монголчуудын эмээлийн тоног хэрэглэл багтжээ. Мөн халх, элжгэн халх, дөрвөд, өөлд, урианхай, баяд, захчин, торгууд, дархад, буриад, дарьганга, үзэмчин, барга, казах, цаатан эмээл зэрэг угсаатан ястны 17-18 төрлийн эмээл болон адууны уналга, тоног хэрэгсэлтэй холбоотой үзмэрүүдийг толилуулж байна.

Үзэсгэлэнг нээж музейн захирал Д.Сүхбаатар хэлэхдээ, “Монголчуудын нүүдлийн мал аж ахуйд тогтсон соёлыг монгол адуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол хүн, монгол морь дэлхийг эзэлж байсан түүхтэй. Тиймээс өнөө цагт морин эрдэнэ хэмээн төрийн сүлдэндээ дээдлэн ирсэн адууны соёлыг залуучууд хойч үедээ таниулах, өвөг дээдсээс уламжлан ирсэн морь таних ухаан, морины тоног хэрэгсэл, уналга ачилганд хэрэглэх арга технологийг залуучуудад зааж сургах, өвлүүлэн үлдээх, хөдөөгийн залуучуудыг мотоцикль бус морио унаж морины соёлоо дээдлэх сэтгэлгээтэй болгох нь чухлаар тавигдаж байна” хэмээн онцлов.

Нүүдэлчдийн бүтээсэн мал аж ахуйн тоног хэрэгсэл олон зуун жилийн турш хөгжиж улам боловсронгуй болсоор өнөөг хүрчээ. Адууг унаж, эдлэхэд хазаар, ногт, чөдөр, хударга, эмээл, ташуур, хомуут, тэрэг, тэрэгний хэрэглэл, хусуур, сойз зэрэг тоног хэрэгсэл ордог. Монгол орны нутагт малтсан Хүннүгийн булш оршуулгаас хазаарын амгай, зуузай, хударга, хөмөлдрөг, ясан зуузай, хүрэл хонх зэрэг адуу малын тоног хэрэгсэлтэй холбоотой олдворууд олноор илэрч байна. Хүннүгийн үед холбогдох хазаарын нуман хэлбэртэй, чагтан зуузайтай хүрэл, төмөр амгай, ясан зуузайтай төмөр амгай, дугуй хүрэл хадлага чимэглэлүүд, хүрэл товруунууд зэрэг үзмэр тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй аж.

Хамгийн анхны төрт улс Хүннүгийн үед эмээл хазаартай морь хэрэглэж байсан гэх мэдээ бий. Адууны тоног хэрэгсэл улам боловсронгуй болсоор дундад эртний үед эмээл нь урд бүүрэг босоо, ар бүүрэг цалгар уужим, өргөн суудалтай, урт хавтастай болсон нь аян дайнд удаан хугацаагаар морин дээр явахад тохирсон сонгодог хэлбэртэй болсон нь хожмын эмээлийн гол үндэс суурь болжээ. Дундад зууны үеэс эмээл, дөрөөний загвар, хударга, хөмөлдрөгө зэрэг адууны тоног хэрэгсэл өөрийн гэсэн хэлбэрээ олж хожмын тоног хэрэгслийн хэв загварт шинэж бидний үед уламжлагдан ирснийг тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Туулцэцэг хэллээ.

Мөн монголчууд эртнээс адууныхаа үүлдэр угсааг анхааран сайжруулж, тал, хангай, говь, уулын бүс нутагт тохирсон шилмэл үүлдэр болох Галшар, Тэсийн гол, Дархад, Мянгад, Шанхайн хэц, Сан бэйс, Барга, Үзэмчин, Баянцагаан, Заамар, Орлой зэрэг омог үүсгэж үржүүлж иржээ. Монгол хүн адуугаа эрхэмлэн дээдэлж  ирсний нотолгоо нь эмээл, хазаар, хударга, хөмөлдрөгө зэргийг олон лан мөнгөөр гоёмсог ур хийцтэй үйлдэж хүлэг морио гоёдог байжээ.

Тус үзэсгэлэн ирэх 9 дүгээр сарын 04-нийг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news