“Ахмадын хөгжлийн төв”-ийг анх удаа орон нутагт нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. 21 аймгаас анх удаа Дархан-Уул аймагт ахмад настны асрамж, халамж, эрүүл
мэндийн үйлчилгээ үзүүлэх “Ахмадын хөгжлийн төв” нээлтээ хийлээ. Цар тахлаас
шалтгаалан үйл ажиллагаагаа явуулах боломж бүтэн жилээр хойшилсон юм. Улсын
төсвийн 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Дорнын өргөө” ХХК барьж байгуулсан аж.
Нээлтэд ахмадуудын төлөөллөөс гадна аймаг, орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүн оролцлоо. Дархан сумын тавдугаар багийн нутагт байгуулсан тус төвд нэгэн зэрэг 90 гаруй ахмад үйлчлүүлэх боломжтой аж. Тэд ахмадуудад зориулсан эмчилгээ, үйлчилгээ, сувилгааг тасгаар болон өдрөөр авах боломжтой төдийгүй фитнес танхим, номын сан, бүжгийн танхим зэрэг бүх үйлчилгээг нэг дороос авах нөхцөлөөр хангажээ. Мөн ахмадуудад зориулан “Цахим цагаан толгой” хөтөлбөрийг тус төвөөр дамжуулан хэрэгжүүлэхэд зориулан УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан үйл ажиллагаанд шаардлагатай компьютер 8 ширхэг, LCD зурагтын хамт хандивлалаа.
УИХ-ын гишүүн, АБГББХ-ны Б.Баттөмөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд
зориулан даралтын болон
амьсгалын замын өвчлөлийн үед хэрэглэх аппаратыг хүлээлгэн өгсөн юм. Цаашид тус
төвийн материаллаг баазыг нэмэгдүүлэхэд УИХ-ын гишүүн, АБГББХ-ны Б.Баттөмөр болон аймаг орон нутгийн зүгээс дэмжлэг
үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Зөвхөн
ахмадууд зориулсан эмчилгээ, сувилгаа, чөлөөт цагаа үр бүтээлтэй, тохилог орчинд өнгөрүүлэх боломжийг
нээж өгсөнд Дархан-Уул аймгийн 13800 гаруй ахмадын төлөөлөл талархал илэрхийлж байлаа.











