МСҮТ-ийг төгсөгчид Хөдөлмөрийн яамнаас дэмжлэг авч ажлын байртай болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-29 01:07:52
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Мэргэжил, Сургалт үйлдвэрлэлийн төвийн 10 оюутан ажлын байртай боллоо. Тэд Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй “Залуучуудын мэргэжил, боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” –т хамрагджээ.

Тодруулбал, 2015 онд Орхон МСҮТ-ийг мэргэжлийн гоо сайханчаар төгссөн таван төгсөгч салоноо нээж Хөдөлмөрийн яамнаас есөн сая 800 мянган төгрөгийн санхүүжилт авсан байна. Үүнээс гадна цахилгаанчин мэргэжлээр төгссөн эрэгтэй таван оюутан “Эрдэнэт Энерги” төв байгуулж цахилгааны багаж хэрэгсэл засч сэлбэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах болжээ. Энэ бизнесийг нь Хөдөлмөрийн яам дэмжиж “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 9 сая 700 мянган төгрөгийн багаж төхөөрөмж өгсөн байна. Ийнхүү Орхон МСҮТ-ийг 2015 онд төгссөн 10 оюутан Хөдөлмөрийн яамнаас авсан дэмжлэгийнхээ хүрээнд нэг жилийн турш идэвхтэй ажиллах ёстой гэнэ. Ингэхдээ үр ашгийн тайлангаа гурван сар тутам Хөдөлмөрийн хэлтэст мэдээлэх гэнэ. Ингэснээр цаашид төхөөрөмжүүдээ өөрсдийн нэр дээр шилжүүлэх эрх нээгдэх ажээ.

Мөн зургаан сарын турш ажлын байрныхаа түрээсийг тасралтгүй төлж үйл ажиллагаагаа жигд явуулж чадвал сүүлийн зургаан сарын байрны түрээсийг Хөдөлмөрийн яам дахин хөнгөлөх ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Related news